Монгол, Кувейтын эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-25 15:37:53
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Мутайриг өчигдөр хүлээн авч уулзлаа.


Энэ онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа юм.


Талууд хоёр талын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад сэтгэл ханамжтай байгааг тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, үүнд хувийн хэвшлийн оролцоо чухал байгааг онцлов.


Сайд Н.Энхтайван цаашид соёл, боловсрол, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа тэмдэглээд Кувейтын Засгийн газраас манай орны нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болохуйц ач холбогдолтой төслүүд хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлэв.


Элчин сайд Мухаммад Аль-Мутайри хоёр орны харилцааны түвшинг дээшлүүлэхийн төлөө идэвх чармайлт гарган ажиллахаа нотлов. Хоёр тал Монгол, Кувейтын Засгийн газрын хоорондын Комиссын хуралдааныг цар тахал намжмагц зохион байгуулахаар тохиролцлоо.


Кувейтын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар манайх Тайширын усан цахилгаан станц, Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 400 гаруй км авто зам, Монгол, Кувейтын судалгааны төв, Баян-Өлгий аймагт “Кувейт хотхон” зэрэг бүтээн байгуулалтыг хийсэн.


Түүнчлэн тус улсын тусламжаар барьж буй Түлэнхийн төв эмнэлгийг 2020 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаас гадна Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төслийг мөн хэрэгжүүлж байгаа билээ. Саяхан Кувейтын сан Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж 500 орчим мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэрийг гаргаад байгаа юм. 

Холбоотой мэдээ