Нийгмийн халамжийн үйлчилгээг маргаашаас эхлэн цахимаар хүргэнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-25 15:11:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн халамжийн үйлчилгээг маргаашаас цахим хэлбэрээр хүргэхээр болж буйг ХНХ-ын сайд А.Ариунзаяа өнөөдөр мэдээлэв. 


Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулжээ. Тодруулбал, Засгийн газар 2020-2024 онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилт тавиад байгаа юм. Энэ хүрээнд эхний ээлжинд төрийн байгууллагад байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжтай холбоотой үйлчилгээг маргаашаас цахим хэлбэрээр хүргэж эхлэхээр төлөвлөсөн байна.


Ингэснээр иргэд олон баримт материал бүрдүүлэх, заавал халамжийн байгууллагад очих, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах гэж банканд дугаарлах шаардлагагүй болж байна. “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг нэвтрүүлснээр, иргэн ehalamj.mn, ТҮЦ машин, ebarimt аппликейшн ашиглан халамжид хамрагдах хүсэлт гаргах боломжтой. Мөн өргөдөл, хүсэлтийг нь хэрхэн шийдвэрлэж байгааг хянах боломж бүрдэх аж. Тухайлбал, 450 мянга орчим иргэн эхний ээлжинд “Насны хишиг”, жирэмсэн эхийн, 0-3 ойтой хүүхэд асарсны, ихэр хүүхдийн, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийн мөнгөө цахим системээр дамжуулан авах юм.

Холбоотой мэдээ