Ж.Ганибал: Бэлчээрийн тухай бие даасан хууль гаргахыг үндсэн чиглэлийн төсөлд тусгах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-25 18:13:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэр технологийн 10 паркийг байгуулахаар төсөлд тусгасан байгааг тодотгоод, аль бүс нутгуудад байгуулах вэ гэсэн асуултад  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариулав.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганибал, Н.Наранбаатар, нар санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганибал, "Хөдөө аж ахуйн салбарын нэг номерийн тулгамдсан асуудал болсон бэлчээрийн доройтлоос болж баруун бүсээс зүүн бүс рүү мал оруулахаар болж байна. Гэтэл зүүн бүс малын халдварт өвчний эрсдэлтэй. Энэ асуудлаас болж малын өвчин хавтгайдаа гарах том аюул нүүрлэнэ. Баруун бүсийг эрүүл бүс нутаг болгох зорилтдоо хүрч чадахгүй. Энэ бүх асуудлыг зохицуулах бэлчээрийн тухай бие даасан хууль гаргахыг Үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хоёуланд нь оруулж өгмөөр байна" гэсэн санал хэлсэн бол Н.Наранбаатар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгуудад Өмнөговь аймгийг нэмж оруулах санал гаргалаа.


Үргэлжлүүлэн гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарлан үг хэлэв. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймагт 50 МВт-ын дулааны цахилгаан станц нэмж барих, Дархан Сэлэнгийн авто замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхээр тусгах, Г.Мөнхцэцэг  Үндсэн чиглэлийн 8.1.3 дахь хэсгийн Тээврийн үйлчилгээг хөгжүүлэх гэсний дараа авто замын сүлжээг хөгжүүлэх гэж нэмж тусган өөрчлөн найруулах, Чойр, Мандалговь, Арвайхээр чиглэлийн авто зам шинээр барьж байгуулахаар  нэмж оруулах, Н.Наранбаатар Даланзадгад суманд 50 МВт-ын дулааны цахилгаан станц хувийн хөрөнгө оруулалтаар нэмж барихаар тусгах зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргаж, саналыг дэмжье гэсэн томъёоллоор тус тус санал хураахад гишүүдийн олонхын дэмжлээ.


Санал хурааж дууссанаар уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа холбогдуулан асуулт асу

уж, үг хэлэх, санал хэлэх шаардлагагүй гишүүд үзсэн учир үргэлжлүүлэн гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, шийдвэрлэлээ. Гишүүн Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Г.Ганболд нар зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн гаргасан "…байгалийн баялгийг зүй зохистой ашиглах гэсний өмнө байгаль орчныг хамгаалж, баялгийг нь зүй зохистой ашиглах гэж өөрчлөн найруулах" санал гаргасныг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.

Холбоотой мэдээ