“АСЕМ Вилла” хотхоноос “Шангри-Ла” хүртэлх тохижилттой танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-25 18:52:04

Ирэх 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд “АСЕМ Вилла” хотхоноос  “Шангри-Ла” зочид буудал хүртэлх маршрутын дагуу ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас Нийслэлийн ЗДТГ, ХЗЯ-ны холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан өнөөдөр ажлын аялал зохион байгууллаа.

Уг танилцах аялал нь АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад ирэх зочид төлөөлөгчдийн байрлах хотхоны ойр орчмоос арга хэмжээ зохиогдох газар хүртэлх аюулгүй байдлыг хангах, автозамын нөхцлийг сайжруулахад шаардлагатай тохижилтын ажлыг тодорхойлох, тэдгээрийн төсөв хөрөнгө, гүйцэтгэгчийг шийдэх, цаашид цаг алдалгүй хэрэгжүүлэх бусад арга хэмжээг тодотгох зорилготой байв.

Танилцах аялалд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын БАА-ны дарга Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр тэргүүтэй АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, улсын хил нэвтрэх болон Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс ба түүний аюулгүй байдал хариуцсан ажлын хэсгийнхэн оролцож дүгнэлт гарган, тус тусын чиглэлээр санал зөвлөмжөө боловсруулан, ойрын хугацаанд Ерөнхий сайдаар ахлуулсан АСЕМ-д бэлтгэх Үндэсний Зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлэхээр боллоо.

АСЕМ-ын Дээд түвшний  11 дэх уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээлэл, ёслол хамгаалалт зэрэг бусад асуудал хариуцсан  нийт 3500-4000 гаруй зочин төлөөлөгч ирэх төлөвтэй байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд