АНУ-ын тусламжаар барьсан цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-28 14:12:25

Увс /МОНЦАМЭ/. АНУ-ын ЭСЯ-ны санаачилга хүмүүнлэгийн тусламжаар Баруунтуруун суманд 50 ортой хүүхдийн цэцэрлэгийг барьж энэ сарын 27-ны өдөр нээлтээ хийлээ. Шинэ цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеченски тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөгчид болон аймаг орон нутгийн удирдлагууд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.

АНУ-ын ЭСЯ-ны иргэн цэргийн харилцааг дэмжих хэлтсийн офицер ажилтнууд цэцэрлэг барих асуудлыг 2017 оноос хойш судалсан бөгөөд АНУ-ын Цэргийн академийн санхүүжилтээр уг барилгын ажлыг Улаанбаатар хотын "ТТХ" компани гүйцэтгэсэн байна.

Баруунтуруун сумын цэцэрлэг нь 1985 онд 90 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулагдсан ба 5 бүлэгт 170 хүүхэд хамруулан үйл ажиллагаагаа явуулдаг аж. Шинээр 50 ортой хүүхдийн цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулснаар анги дүүргэлт багасан, багш ажилчдын ачаалал буурч, хүүхэд багачууд сурч хөгжих таатай орчин нөхцөл бүрдэж байгааг багш ажилчид нь онцлон ярьж байлаа. 

Холбоотой мэдээ