Монгол Улс эдийн засгаа золин байж коронавирусийг тогтоосон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2020-08-31 12:52:26
twitter.com/Nyamkanmk

ОТТАВА. /nationalinterest/. Монгол Улс дотооддоо коронавирусний халдварыг алдалгүй, ард иргэдийнхээ эрүүл мэндийг маш сайн хамгаалж байна. 2020 оны 8 дугаар сарын байдлаар тус улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 300 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нэг ч хүн нас бараагүй гэсэн эерэг үзүүлэлттэй байгаа билээ. Монголын хэрэгжүүлж буй хязгаарлалтын стратеги нь бизнесүүд эргэн нээгдэх цаашлаад парламентын сонгуулийг явуулах боломжийг олгосон юм. Гэвч энэ бүх үр дүн үнэтэй. Экспортод тулгуурласан эдийн засгаа сэргээж, уул овоо шиг овоорсон өрөө төлөх хүндхэн асуудалтай нүүр тулгараад байгаа нь дээр дурдсан үр дүн, боломжуудын төлөөс юм.


Монгол Улс энэ оны 1 дүгээр сараас эхлэн ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг уялдуулсан онцгой байдлын удирдлагын системийг идэвхжүүлсэн. Энэхүү систем нь Онцгой байдлын ерөнхий газар тэргүүтэй Улсын онцгой комиссын үйл ажиллагааг бэхжүүлсэн юм.


Тус улс 1 дүгээр сарын сүүлчээс аялагчид, зорчигчдод эрүүл мэндийн үзлэг хийж, улмаар 3 дугаар сараас олон улсын нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон юм. Гадаадаас ирж буй бүх хүн шинжилгээнд хамрагдаж, 3 долоо хоногийн тусгаарлалт болон 2 долоо хоногийн нэмэлт хувийн тусгаарлалтад байх шаардлагыг нэвтрүүлсэн байна. Үүний зэрэгцээ 2 дугаар сард Цагаан сарын баярын үеэр хөл хорионы дэглэм тогтоож, Улсын их баяр наадмыг хүртэл үзэгчгүй зохион байгуулсан.


Монгол Улсын эрх баригчдын хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээнүүд ард иргэдийн дунд коронавирусний халдвар тархахаас амжилттай хамгаалж чадсан юм. Одоогийн байдлаар гадаадаас 60 мянга гаруй монгол эх орондоо ирснээс халдварын 300 тохиолдол /дийлэнх нь ОХУ-аас ирсэн/ илэрч, 289 нь эдгэрээд байна. Тавдугаар сард ресторан, зочид буудал, амралтын газрууд гээд дийлэнх бизнесүүд эргэн нээгджээ. Монголд халдвар тархахаас сэргийлэхэд хүн ам бага, тусгаарлалтын арга хэмжээ зэрэг зүйлс тус болсон боловч аялал жуучлалын хязгаарлалтыг сулруулах нь халдварын тохиолдол нэмэгдэхэд хүргэж болзошгүй юм.


Ард иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн засгийн үйл ажиллагаа орон даяар бараг хэвийн болсон хэдий ч хил хаалттай, дэлхийн эдийн засгийн өсөлт буурсан зэрэг нь Монголын эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Энэ оны эхний 6 сарын байдлаар Монголын ДНБ 9.7 хувь, экспорт 40 гаруй хувиар буурч, төсвийн алдагдал ДНБ-ийн 10 хувьтай тэнцэх хэмжээнд хүрчээ. Монголын экспортын дийлэнх хувийг эзэлдэг нүүрс, зэс, газрын тос зэрэг байгалийн баялаг болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт олон улсад буурсан нь тус улсын эдийн засагт нөлөөлөв.


Үүнээс гадна Рио Тинто компанийн хэрэгжүүлж буй зэс, алтны Оюутолгой төсөл  Монголын Засгийн газартай үүсээд буй маргаан болон техникийн улмаас үйл ажиллагаа нь саатаж, зардлын хэтрэл гэх мэт асуудалтай тулгараад байна. Хил хаасны улмаас Оюутолгой ордын зэсийн экспорт саатжээ. Мөн хязгаарлалтын улмаас уг төслийн гол мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа нь саатлыг улам даамжруулж, нөхцөл байдал тодорхойгүй байдалд оржээ. Бас ноолуурын эрэлт буурсан нь монгол малчдад хүртэл нөлөөлжээ.


Монгол Улсын экспортын 90 гаруй хувь нь БНХАУ руу гардаг учир эдийн засгийн хувьд тус улстай нягт холбоотой байдаг. Худалдааг сэргээх зорилгоор хилийг эргэн нээх арга хэмжээ авсан хэдий ч коронавирусний тархалтаас болгоомжлох болон зах зээлийн тасалдал гэх зэргээс үүдэн экспорт буурсан хэвээр байна. Монголын Засгийн газрын өр ДНБ-ий 77 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь бас нэгэн санаа зовоосон асуудал болжээ.


Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хэзээ сайжрах нь тодорхойгүй, мөн байгалийн баялгийн экспортоос хэт хамааралтай, Засгийн газар болон хувийн хэвшлийн өрийн хэмжээ маш өндөр зэргийг нь харгалзан Монгол Улс урт хугацааны эдийн засгийн эрсдэлд орж болзошгүй гэж Олон улсын валютын сан анхааруулсан байна. Мөн тус улс Засгийн газрын богино хугацааны санхүүгийн шаардлагыг хангахын тулд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас олон улсын тусламж авжээ. Гэвч Монгол ойрын хугацаанд эдийн засгаа сэргээж чадахгүй бол өрийн дарамтад орох эрсдэлтэй юм.


Монгол 2020 оны 6 дугаар сарын 24-нд товлосон ёсоор парламентын сонгуулиа зохион байгуулсан. Коронавирусний улмаас эрх баригчид сонгуулийн сурталчилгааны хугацааг богиносгож, олон нийтийн цуглааныг хориглосон хэдий ч тус улс БНСУ-ын туршлагаас суралцаж, сонгуулийг дуулиан багатайгаар зохион байгуулж чадсан билээ. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэсэн сонгогчид, гол намуудад ээлтэй сонгуулийн тогтолцоо, коронавирусний тархалтын үед Засгийн газар сайн ажилласан зэрэг нь МАН-ыг 62 суудал авахад гол нөлөө үзүүлэв.


Сонгуулийн сурталчилгааны үеэр бүх нам, нэр дэвшигчид хязгаарлалтын арга хэмжээг хэвээр үлдээнэ гэж амлаж байсантай холбоотойгоор цар тахал тийм ч онцлох асуудал биш байв. Харин эх орондоо эргэн ирэх хүсэлтэй, хилийн чанадад гацсан 10 мянга гаруй монголын асуудал илүү чухал байсан юм. Зарим нэр дэвшигчид Монголд халдвар авчрахаас сэргийлэх зорилгоор тусгай үүргийн нислэгийг хориглохыг дэмжиж байсан бол зарим нь иргэдээ боломжоороо татахыг уриалж байв. МАН-ын үнэмлэхүй ялалт тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлэх эрх мэдлийг баталгаажуулсан  бөгөөд 8 дугаар сард 4000 иргэн эх орондоо ирэх төлөвтэй байна.


Монгол Улс олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэгт хөрш орнууд, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, чамлахааргүй амжилтад хүрээд байна. БНХАУ, БНСУ, Япон тэргүүтэй орнууд Монголд тоног төхөөрөмж, маск зэрэг хандив олгосон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д цар тахал дэгдсэний дараахан тус улсад айлчилж, ийм хүнд үед тус улсад айлчилсан анхны төрийн тэргүүн болсон билээ.


Олон улсын зах зээл болон бусад орнууд, ялангуяа БНХАУ-аас эдийн засаг нь их хамааралтай байдгийн улмаас олон сорилттой нүүрс тулгарч буйг дээр дурдсан зүйлүүд харуулж байна. Монголын их хэмжээний өр нь цар тахлын улмаас үүдэн гарах эдийн засаг, нийгмийн үр дагаврыг бууруулах зорилготой Засгийн газрын хөтөлбөрт сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засаг хүндхэн байгаа энэ үед Монгол Улсыг илүү эмзэг болгох эрсдэлтэй.

Холбоотой мэдээ