Беларусийн сөрөг хүчнийхэн “Хамтдаа” намыг байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-01 09:40:53

МИНСК./ТАSS/. Беларусийн сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Мария Колесникова “Хамтдаа” /Вместе/ гэдэг нэртэй улс төрийн шинэ нам байгуулсан тухайгаа өнөөдөр мэдэгдлээ.


Тэрбээр дүрс бичлэгээр олон нийтэд хандан үг хэлэхдээ “манай улс өнөөдөр улс төр, нийгэм-эдийн засгийн хямралд ороод байна. Энэ хямралаас хэрхэн гарах вэ гэдгийг бид хамтдаа мэдэж байгаа. Олон мянган беларусь, авьяаслаг мэргэжилтнүүд хариуцлагыг өөртөө хүлээж, шинэ Беларусь улсыг хамтдаа байгуулахад бэлэн байна” гэжээ.  


Дүрс бичлэгт Беларусийн сөрөг хүчний төлөөлөгч Виктор Бабарико оролцсон роликийг үзүүлсэн байна. Тэрбээр Белгазпромбанк”- тай холбоотой хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр баривчлагдаж, Улсыг аюулаас хамгаалах хорооны /КГБ/ урьдчилан хорих байранд хоригдож байгаа юм.


Дээр дурдсан сөрөг хүчний Зохицуулах зөвлөлийг байгуулах тухай санаачилгыг Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Светлана Тихановская гаргасан байна. Нэгдсэн сөрөг хүчний штабын мэдэгдсэнээр, зөвлөлийн зорилго нь засгийн эрхийг шилжүүлэх үйл явцыг хангах явдал ажээ. Уг зөвлөлийг байгуулсан үйлдэлд Беларусийн Ерөнхий прокурорын газраас “засгийн эрхийг булаан авахыг уриалсан” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.


Үүний дагуу зөвлөлийн тэргүүлэгч гишүүд гэрчийн хувиар мэдүүлэг өгсөн бөгөөд тэднээс хоёрыг нь 10 хоногийн хугацаагаар баривчилжээ.  

Холбоотой мэдээ