Минскт жагссан оюутнуудыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-02 10:16:05

МИНСК. /BBC/. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Беларусийн мянга мянган оюутан сургуульдаа очихын оронд нийслэл хотдоо болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон байна. Александр Лукашенкогийн засаглалтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэхээр есдүгээр сарын 1-нд Минскт жагссан оюутнуудыг цагдаа нар, цагдаагийн тусгай ангийнхан баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд мөн сэтгүүлчид байсан байна. 


"Хэчнээн хүн баривчлагдсан нь тодорхойгүй байна. “Есдүгээр сарын 1-ний өдөр болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Минск хотод 70 гаруй хүн баривчлагдсан. Тэдний дийлэнхийг сулласан боловч зарим хүмүүс саатуулах газарт хоносон, тэдний дунд сэтгүүлчид байсан" гэж  "Весна" хүний эрхийг хамгаалах төв мэдээлжээ.


“Nexta Live Telegram” сувгийн дүрс бичлэгт Цагдаагийн тусгай ангийнхан болон цагдаа нар Свердлов, Киров гудамжинд, мөн Динамо цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо цугласан олны дундаас оюутнуудыг баривчилж байгаа нь харагдсан байна.  Мөн оюутнууд бөөнөөрөө зугтахад цагдаагийнхан араас нь хөөж баривчилжээ. ВВС агентлагийн зураг авалтын баг мөн ийм үйл явдлын гэрч болсон байна. Үүний дараа хүчнийхэн сэтгүүлчдийг баривчилж эхэлсэн гэж Беларусийн нийгмийн сүлжээгээр бичжээ. ВВС -гийн мэдээлж буйгаар, Беларусийн дор хаяж хоёр сэтгүүлч баривчлагдсан байна.


Болзошгүй хориг арга хэмжээ

Беларусийн долоон албан тушаалтанд АНУ хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна гэж мягмар гарагт “Reuters” агентлаг тус улсын Төрийн департаментын нэрээ нууцалсан төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилжээ. Тэднийг наймдугаар сарын 9-ний өдөр болсон ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан гэж сэжиглэж байгаа бөгөөд тайван жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн гэж үзэж байгаа аж.


"Хориг арга хэмжээ авч байгаа нь хүмүүс сонгуулийг луйвардаж, үг хэлэх, жагсан цуглах үндсэн эрхээ эдэлж буй энгийн номхон иргэдийн эсрэг хүч хэрэглэвэл үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой гэдгийг харуулж байгаа багахан алхам" гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч цохон тэмдэглэжээ. Түүнчлэн хэрэв Москва Беларусийн хэрэгт цэргийн хүч хэрэглэн оролцвол ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалж байгааг мэдээлсэн байна.


“Зун дууслаа”

Оюутнуудыг баривчилж байх зуур Александр Лукашенко нэгэн коллеж дээр очин үг хэлэхдээ, "халуун зун шууд болон дам утгаараа дууслаа" хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Латви, Литва болон Эстони улс Беларусийн албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авсны хариуд Балтын тэнгисийн орнуудаас ирж буй ачаануудыг Оросын боомтууд руу илгээнэ гэж сүрдүүлжээ.


ТАСС агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, цагдаагийн тусгай хүчнийхэн 20 орчим оюутныг баривчилсан бөгөөд эсэргүүцлийн ажиллагаанд улсын бараг бүх томоохон их сургуулиудын оюутнууд нэгджээ. Оюутнууд цуваа болон алхаж, "Оюутнууд ард түмэнтэйгээ хамт!" хэмээн хашхирч байсан байна.


Харин наймдугаар сарын 27-нд Лукашенко эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон оюутнуудыг цэрэгт явуулна гэж сүрдүүлсэн юм. "Их дээд сургуульд сурах цаг гаргахын тулд бид залуусыг цэргийн албанаас чөлөөлсөн гэдгийг та нар ойлгох ёстой. Сурах дургүй бол эх орноо хамгаалах болж дээ. Манай эх орон аюулд ороод байна" гэж тэрбээр сөрөг хүчнийхэн оюутнуудыг есдүгээр сарын 1-нд жагсахыг уриалж байгааг буруутгахдаа мэдэгджээ.


Холбоотой мэдээ