Чөлөөлөх дайнтай холбоотой архивын баримт, эд өлгийн зүйлийг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөлөх дайны түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Манжуурын стратегийн дэвшилтийн ажиллагаанд Монгол Улсын оролцоо, Монголын ард түмнээс ЗХУ-д үзүүлсэн эд материалын тусламж, сэтгэл санааны дэмийг ахин сануулах зорилгоор өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй үзмэрүүдээр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр үзэсгэлэн нээлээ.
Үзэсгэлэнг БХЯ, БХЯ-ны цэргийн төв архив, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, ТЕГ-ын тусгай архив, ХХЕГ, Монгол цэргийн музей, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын дурсгалын музей, Улсын хилийн музей зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй юм.
Үзэсгэлэнд Чөлөөлөх дайнтай холбоотой архивын ховор
баримтууд, эд өлгийн зүйлс, дайчдын хувцас хэрэглэл зэрэг үзмэр дэлгэснээрээ
онцлогтой.
Үзэсгэлэнг нээж ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович хэлэхдээ, “Энэхүү үзэсгэлэнд урьд өмнө нь дэлгэж байгаагүй ховор баримтуудыг дэлгэж байна. ОХУ-аас үзэсгэлэнг жил ирэх тусам илүү өргөн цар хүрээтэй болгоход хичээн ажиллах болно” хэмээн тодотгов.
Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, “Монгол Улсын хувьд Чөлөөлөх дайны 75 жилийн ой бол чухал үйл явдал юм. Учир нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулахад маш их түлхэц болсон. Тухайн үед дайчин эрсийн халуун цус, бүлээн амь эрсэдсэн. Тиймээс БХЯ, Монгол Улсын Засгийн газар хойч үедээ түүх, тусгаар тогтнол, газар нутаг, бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж явсан ахмад дайчдаа алдаршуулахад анхаарах ёстой гэж үзэж байна. Чөлөөлөх дайнд оролцож, түүхэн ялалт байгуулсан ахмад дайчдынхаа гавьяат үйлсийг эх орны минь ирээдүй болсон хүүхэд, залуус ямагт санан суралцаж, өвлөн тээж явахыг уриалж байна” гэв.
Үзэсгэлэнгийн нээлтэд ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин
сайд Д.Даваасүрэн,
Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн
А.Р.Базархандаев, АЕГ-ын дарга С.Энхбаатар, ТЕГ-ын тусгай архивын орлогч дарга,
хошууч Б.Эрдэмбилэг, ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч
генерал Ш.Лхачинжав нар оролцсон юм.
Тус үзэсгэлэнг энэ
сарын 9-нийг хүртэл гаргана.
Ш.Мөнхбаяр
Гэрэл зургийг Б.Чадраабал