Японы эрх баригч намын даргын сонгуулийг товложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-02 16:00:37

ТОКИО. /Kyodo/. Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын захиргааны хорооноос тус намын шинэ даргын сонгуулийг  есдүгээр сарын 14-нд явуулахаар товложээ.


Сонгуулийн кампанит ажил есдүгээр сарын 8-нд албан ёсоор эхэлнэ. Сонгуулийн ялагч Японы Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөх бөгөөд түүнийг парламентаар батлах ёстой юм. Энэ асуудлаарх яаралтай хуралдаан есдүгээр сарын 16 эсвэл 17-нд болох төлөвтэй байгаа ч хурлын товыг одоогоор албан ёсоор зарлаагүй байна.


Японы Гадаад хэргийн сайд асан, Либерал-Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн дарга Кишида Фумио, Батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэру нар намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлснээ хэдийнэ мэдэгдсэн юм. Сонгуульд ялах магадлал өндөр байгаа Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Суга Ёшихидэ нэр дэвшихээ лхагва гарагт мэдэгдэх ёстой. Түүнийг намын бараг бүх гол фракцын дарга нар дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


Японы Ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар огцрох шийдвэр гаргаснаа наймдугаар сарын 28-нд албан ёсоор мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ