Энэтхэгт Хятадын өөр хавсралтуудыг хоригложээ

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-03 12:00:42

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн Засгийн газар хоёр талын хурцадмал байдал өсөн нэмэгдсээр байгаа энэ үед Хятадын өөр 118 гар утасны хавсралтыг хориглох шийдвэр гаргажээ.


Засгийн газар үндэсний аюулгүй байдлын асуудлуудтай холбогдуулан “TikTok” тэргүүтэй 59 хавсралтыг хориглоод байсан юм. Уг жагсаалтад лхагва гаргаас “Tencent” компанийн бүтээгдэхүүнүүд болох “PUBG Mobile”, WeChat Work” зэргийг оруулсан байна.


Энэтхэгийн Мэдээллийн технологийн яамны мэдээлснээр, хориглох хавсралтуудын жагсаалтад орсон сүүлийн багц нь Энэтхэгийн ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан гэдгийг харуулсан “найдвартай мэдээлэл” байгаа ажээ.


“Гар утасны зарим хавсралт хэрэглэгчдийн мэдээллийг зөвшөөрөгдөөгүй шугамаар Энэтхэгийн гадна байрлах серверүүд рүү шилжүүлж байгаа талаарх олон гомдол “янз бүрийн эх сурвалжаас” ирсэн” гэж Мэдээллийн технологийн яам мэдээлжээ.


Энэтхэг, Хятадын талуудын аль аль нь өнгөрсөн зургаадугаар сард Ладакх бүсэд байршуулсан цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлсэн бөгөөд хоёр талын мөргөлдөөний улмаас 20 энэтхэг цэрэг амиа алджээ. Мөн Хятад Хималайн хилийн бүсийг хянах шинэ байгууламжуудыг байгуулсныг хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд харуулсан байна. 


АНУ мөн саяхан Хятадын хавсралтуудын эсрэг арга хэмжээнүүдийг авсан бөгөөд “TikTok”-ийг хориглоно хэмээн мэдэгдэж, “Tencent”-ийн “WeChat” флатформоор бизнесийн үйл ажиллагаа явуулахаа зогсоохыг Америкийн фирмүүдэд үүрэг болгожээ. “Бид Хятадын өөр хавсралтуудыг ч мөн хараандаа аваад байна” гэж Цагаан ордны худалдааны зөвлөх Петер Наварро мэдэгджээ. 

Холбоотой мэдээ