Суурин газарт тарвага оруулахыг завдсан 90 тохиолдол бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад тарваган тахлын тохиолдол буурахгүй байгааг ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хот
суурин газарт тарвага оруулж ирэхийг завдах нь ихсэх хандлагатай байна. Энэ онд
цагдаагийн болон иргэдийн дуудлагаар хот суурин газарт тарвага оруулж ирэхийг
завдсан 90 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Тарваган тахлын сэжигтэй 17
тохиолдлоос 4 нь батлагдаж 2 хүн эндсэн нь өнгөрсөн 10 жилийн дундажтай харьцуулахад
хоёр дахин их гэсэн судалгаа гарчээ.
Манай улсын Хөвсгөл, Баян-өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймагт сүүлийн жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан идэвхтэй голомттой байна. Иймд эдгээр нутагт ажиллаж амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг тэрбээр энэ үеэр
анхааруулав.
Эрүүл мэндийн
сайдын 7 дугаар сарын 24-ний өдрийн албан тоот тушаалын дагуу аймаг, сумдад
тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж байгаа аж.
Ш.Мөнхбаяр