АНУ Хятадын мянга гаруй иргэнд олгосон визээ хүчингүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-10 16:58:13

ЛОНДОН. /Reuters/. АНУ-ын эрх баригчид БНХАУ-ын нэг мянга гаруй иргэний визийг хүчингүй болгожээ. Төрийн департаментын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Хятадын ардын чөлөөлөх армитай холбоотой хэмээн үзэж буй оюутан, эрдэмтдийг улс орондоо нэвтрүүлэхийг эсэргүүцэх хүрээнд улмаас ийм алхмыг хэрэгжүүлжээ.  


“Есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар Төрийн департамент Хятадын иргэдэд олгосон 1000 гаруй визийг хүчингүй болгосон. Бид Хятадын Коммунист намын цэргийн давуу талыг бий болгох үзэл санааг хөхиүлэн дэмждэггүй оюутнууд, судлаач эрдэмтдийн зөв тавьсан зорилгыг  нь сайшаасаар байх болно” хэмээн тэрбээр ярьсан байна.


АНУ-ын дотоодын аюулгүй байдлын орлогч сайд Чед Вулф хэлэхдээ, АНУ судалгааны чухал ажлуудыг хулгайлах, ямар нэгэн аргаар эзэмшихэд нь Хятадын зарим аспирант, судлаач эрдэмтдэд саад учруулахын тулд визэнд нь хориг тавьж байна гэжээ.


"Хятад улс АНУ-ын хувьд аюултай тоглогч. Тэдний тактик заримдаа бүтэлгүйтдэг ч америкийн ажилтнууд, эдийн засагт байнга хохирол учруулж байдаг. Тэд америкийн зохион бүтээгчдийн оюуны өмч, худалдааны нууцыг хулгайлаад зогсохгүй хувийн мэдээлэл цуглуулах, бизнесийг шударга бус аргаар явуулах, кибер халдлага үйлдэх, оюутны визийг буруугаар ашигладаг” хэмээн Вулф ярьсан байна. 

Холбоотой мэдээ