“Усан спорт чийрэгжүүлэлтийн төв” ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-11 16:25:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Усан спорт чийрэгжүүлэлтийн төв”-ийг Алтай хотноо барьж ашиглалтад орууллаа. 


Хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдрын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, орон нутагт усан спортыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой уг бүтээн байгуулалтын ажлыг “Биг Монголиа билдинг” ХХК 2019 оны 08 дугаар сараас ажлаа эхлүүлж байсан бол энэ оны есдүгээр сарын 10-ны өдөр ийнхүү Улсын комисст хүлээлгэн өглөө. 

Тус төвийн барилга нь 30х24 хэмжээтэй, дороо зоорьтой хоёр давхар ба аэробик, фитнесс, бильярд, теннисний заалаас гадна оффисын долоо, үйлчилгээний ажилчдын гурван өрөөнөөс бүрдэж байна. Бассейны үндсэн талбай нь 16х8 хэмжээтэй, 4 эгнээ бүхий ус цэвэршүүлэх эргэлтийн систем, бохирдлыг хэмжих лабораторитой ажээ.

Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч “Биг Монголиа билдинг” ХХК гадна тохижилт болох хашаа, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хогийн савыг нэмэлтээр суурилуулжээ.


Холбоотой мэдээ