Монгол инженерүүд автобус импортлохыг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sodonizm@gmail.com
2020-09-14 15:57:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол машин байгууламж”  компанийнхан өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж гадаадаас 1450 автобус оруулж ирэх гэж байгаад монгол инженерүүд бухимдалтай байгааг илэрхийллээ.


Тодруулбал, хэвлэлийн хурал зохион байгуулагчид хэлэхдээ “Сити павлик транспорт корперэйшн” ХХК-ийн захиалгаар 1200 цахилгаан автобус, сургуулийн хүүхдийн 250 автобус авах концессын гэрээг БНХАУ-ын “Ying Long компанитай байгуулж, автобусыг Монголд оруулж ирэх гэж  байгаа нь манай улсад 322.9 сая ам.доллар буюу 936.4 тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учруулна” гэсэн юм.


“МОН-30” автобусыг агаарыг бохирдлыг бууруулах ажлын хүрээнд "Монгол машин байгууламж", "Монгол машин индастриал", "Эрдү" зэрэг монгол компани хамтран дөрвөн сарын хугацаанд угсарч, үйлдвэрлэжээ.  


Автобусанд ЗТХЯ-тай хамтран өвөл, хавар, зун туршилт, судалгаа хийсэн бөгөөд автобусыг дулаан зогсоолд байлгаж, ашиглалтын горим, зөвлөмжийг мөрдсөн тохиолдолд 100 хувийн цэнэгээр өвлийн улиралд 130-140 км, зун 190-200 км замыг туулах чадвартай юм. 


Жилдээ ердөө 6 сая төгрөгийн цахилгаан зарцуулах, Монгол орны халуун, хүйтэн эрс тэс цаг уурын орчин нөхцөлд тохирсон, тэнхлэг доошоо учир зорчигчид бууж суухад намхан, дулаан тохилог, жилд 48 сая цахилгаан хэмнэж тэр хэмжээгээр агаар, орчны бохирдлыг бууруулах онцлогтой аж.


Хэвлэлийн хурлын үеэр Монгол машин үйлдвэрийн дарга М.Гэрэлчулуун хэлэхдээ “Монголд улсад анх “МОН-30” том оврын цахилгаан автобусыг эх орондоо монгол инженерүүд  угсарч, үйлдвэрлэсэн. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримтлах бус гаднаас 1450 автобусыг оруулж ирж байгаад монгол инженерүүд бухимдаж байна. Бидний үйлдвэрлэдэг автобус 194 мянган ам. долларын өртөгтэй. Гэтэл Хятадаас оруулж ирэх автобус нь 40-100 мянган ам.доллароор илүү үнэтэй. Монгол Улсын өрийг нэмэгдүүлэх гэж Хятадын хөгжлийн банкны зээлээр авч байна. Үүнийг монголчууд татварынхаа мөнгөөр төлнө. Манай үйлдвэр одоо салбар үйлдвэрүүдтэй болсон. Цар тахлын улмаас одоо хаалттай байна. Хэрвээ ажиллаж байсан бол 500 монгол залуу ажилтай, орлоготой байх байлаа” хэмээв.

 

 


Холбоотой мэдээ