ЗЭРЛЭГҮҮДИЙГ ХҮЛЭЭХҮЙ БУЮУ БОДЛООС ТӨРСӨН ДАЙНЫ ЖИНХЭНЭ ЭЗЭД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-09-21 15:32:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


|1-Р ХЭСЭГ|


Энэ онд цар тахал дэгдэж дэлхий нийтийг хамарсан хөл хорио гарсан ч уран бүтээлчид дэмий суусангүй. Тиймдээ ч олон жил үргэлжлэн зураг авалт нь явагдсан зарим кино нээлтээ хийж үзэгчдэд хүрсэн билээ. “Хойг”, “Амьд үлд”, “Мулан”, “Тенет”, “Шинэ мутантууд” гэх мэтээр энэ нэрс цааш үргэлжилнэ. Үүн дотроос үзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан нь “Зэрлэгүүдийг хүлээхүй” кино юм. Уг бүтээлийг Өмнөд Африкийн зохиолч Жон Максвилл Күтсигийн Нобелийн шагнал хүртсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн билээ. Харин найруулагчаар нь Каннын кино наадмын хоёр удаагийн шагналт Чиро Гуэрра ажиллажээ. Тус кинонд Оскарын шагналт жүжигчин Марк Рэйланс, Жонни Депп болон “Бүрэнхий” цуврал, “Харри Поттер буюу Галт цом” киногоор үзэгчдийн танил болсон Роберт Паттинсон нар тоглосон байна.


Тус кино өнгөрсөн 8 дугаар сарын 20-нд Монголд албан ёсоор нээлтээ хийсэн юм. Киноны гол дүр болох эмэгтэй жүжигчний дүрийг Баярсайханы Ганчимэг бүтээсэн бөгөөд түүнийг “Зэрлэгүүдийг хүлээхүй” романы зохиолч Ж.М.Күтси өөрөө сонгожээ. Мөн Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ нар туслах дүр бүтээсэн байна. Ийнхүү гол болон туслах дүр, олны хэсэгт нийт 14 монгол уран бүтээлч оролцжээ. Харин монголын талаас "Black Stallion" продакшн хамтран ажилласан бөгөөд киноны уугуул иргэдийн хэлээр монгол хэлийг сонгон ажилласан юм.




Киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Ганчимэг нь нийслэл Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд багаасаа уншсан ном зохиол, үзсэн киногоо ургуулан бодож, төсөөлөх дуртай нэгэн байв. Энэхүү аливаа зүйлсийг дотроо тунгааж, дахин зураглан бодохыг хичээдэг зуршил нь түүнийг урлагийн мэргэжилтэй хүн болоход нөлөөлжээ. Анх загвар өмсөгчөөс гараагаа эхэлсэн тэрбээр зар сурталчилгаа, дууны клип зэрэгт тоглох болсны зэрэгцээ “жүжиглэх ур чадвар”-т суралцах шаардлага нэмэгдсэн байна. Ингэж кино урлагт хөл тавих замын эхний гишгүүр түүний өмнө нээгдсэн юм.


Б.Ганчимэг “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд нутгийн уугуул эмэгтэйн гол дүрийг бүтээхээс өмнө Холливуудын хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсэн байдаг. Хүчирхэг баатрын тухай өгүүлэх “Гайхалтай эмэгтэй” кинонд тулаанч Амазончуудын нэг, 2014 онд хийгдсэн шинжлэх ухааны уран зөгнөлт “Ex Machina” киноны робот бүсгүй, 2020 онд нээлтээ хийсэн “Intelligence” цувралд Тува Олсен буюу чадварлаг хакер эмэгтэй, Японы алдарт найруулагч Акира Күросавагийн “Цуст сэнтий” киноноос сэдэвлэн бүтээсэн “Галзуу Лорд” хэмээх самурайн тухай өгүүлэх бүтээлд Сокүшицүги, Их Британийн алдарт цуврал болох “Peaky Blinders”-т Ли эмэгтэй, яаралтай мөнгө олохын төлөөх тэмцэл дунд эцэстээ гэмт хэргийн томоохон бүлэглэлтэй орооцолдож орхидог “Зураас ба гурван цэг” киноны Никита Хаяаши зэрэг олон дүрийг бүтээжээ. Үүнээс хамгийн ихээр найруулагчдын хараанд өртөж, үзэгчдийн таалалд нийцсэн нь Эртний Ромын цаг үед үйл явдал нь өрнөх “In The Name of Ben Hur” киноны Кhutu хэмээх эмэгтэйн дүр билээ.


Харин түүний хамгийн гол амжилт нь яалт ч үгүй “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны уугуул эмэгтэйн дүр хэмээн жүжигчин Б.Ганчимэг Английн “GLASS” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Тэрбээр “Зүрх сэтгэлдээ би одоо ч, цаашид ч Монгол хүн, орчин үеийн нүүдэлчин байх болно” гэж хэлсэн нь бий.




Ерөөс тоглосон кино болгоноосоо үргэлж шинээр суралцаж, дүрээ сайн гаргахыг хичээдэг нь түүний үйл хөдлөл бүрээс харагддаг. Угаас кинонд жижиг дүр гэж үгүй. Тиймээс ч “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд уугуул нутгийн эмэгтэйг чухам хэн болох, мөн чанарыг нь танихын тулд олон талаас нь дүрээ судалж, кино зохиолын эх болсон Күтсигийн романыг сайтар уншиж судалжээ. Тэрбээр хөдөө нутагт эмээгийндээ өссөн учир байгаль дэлхийтэйгээ эргэн холбогдоход хүрч, тус кинонд тоглож ахуйд эмээтэйгээ өнгөрүүлсэн бага насандаа оччих шиг болсон хэмээн дурсдаг. Тиймдээ ч хөдөө талын ахуйд өнгөрөөсөн бага насанд нь ойр санагдах уг дүрийг Б.Ганчимэг чадварлаг сайн гаргаж өгсөн билээ.


Ганцхан жишээ авахад цөлийн их шуурган дунд морьдын дэргэд зогсоод, хүчтэй салхинд огтхон ч ажрахгүйгээр шуранхай маягаар аялгуулдаг хэсэгт уугуул иргэдийн хүчирхэг сэтгэл, аливаа тэмцэлд нугарч сөхрөөгүй зориг тэвчээр үзэгддэг. Нөгөөтэйгүүр байгалийн нарийн уялдаа холбоо, монгол жүжигчнээс л гарах ур чадварыг харж болно.


Ерөөс улс орон болгонд зэрлэгүүд байв. Харин грек хэлнээс гаралтай тус “barbarians” нэршлийг зүүх ёстой “жинхэнэ зэрлэгүүд нь хэн байв” гэх мөнхийн асуултанд тус кино хариулахыг оролджээ. Ингэхдээ жүжигчин Б.Ганчимэгийн бүтээсэн уугуул эмэгтэйн дүрд тулгуурлан хариултыг нь олно. МУГЖ Д.Гүрсэд, Г.Дөлгөөн-Эрдэнэ нарын бүтээсэн туслах дүрүүд ч дээрх асуултын хариултыг үзэгчдэд хүргэхийн тулд бүтээгдсэн юм. Харин МУАЖ Д.Цэрэндагва нүүдэлчин зэрлэгүүдийн ахлагчийн дүрийг бүтээх бөгөөд аль аль нь тус кинонд эх болсон монгол хэлээрээ ярьдаг. Түүний дүр хурц ширүүн, зоригтой шийдэмгий нэгнийг харуулна. Харин түүнд зэрлэг араншин огт байхгүй бөгөөд бэртсэн уугуул эмэгтэйг авч, түүнийг хүргэж ирсэн тосгоны захирагчийг буцаан явуулдаг.


Энэ бүгдээс харахад соёл иргэншил хэчнээн бүдүүлэг бөгөөд дүрэм журамд бусдыг колончилж байсан улсын харгис дүрийг илчилж, зэрлэгүүдээс айх ёстой юу, бусдыг дарлан мөлжигчдөөс эмээх нь зүй ёсны хэрэг үү гэх мөнхийн асуултанд хариулт эрж, үүнийгээ урнаар дүрслэн гаргасан бүтээлүүдийн нэг бол “Зэрлэгүүдийг хүлээхүй” мөн билээ. Өмнө нь Грекийн яруу найрагч Константин Кавафийн “Хүннүчүүдийг хүлээхүй” найраглал, Францын алдарт зохиолч Стендалийн “Пармын хийд” зэрэг бүтээлүүдэд дээр асуудлыг хөндөж тавьсан байдаг.


Ийнхүү Монголын талаас тус кинонд хамтран ажилласан “Black Stallion” продакшны “пэйж” хуудсаар дамжуулан Латин Америкийн шилдэг найруулагч Чиро Гуэрра, Оскарын шагналт жүжигчин Марк Райлэнс, Ерөнхий продюсер Майкл Фицджералд нар Монголын жүжигчид болон кино багийнханд талархлын мэндчилгээ ирүүлэв. Майкл Фицджералд “Монголчууд байгаагүй бол энэхүү кино хэрхэн бүтэх байсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна” хэмээжээ. Энэ үг тус кинонд монгол жүжигчдийн оролцоо хэчнээн чухал байсныг ямар нэг нэмэлт тайлбаргүйгээр илтгэн харуулна. Мэдээж тэр гавьяа хамгийн түрүүнд жүжигчин Баярсайханы Ганчимэгт оногдох нь зайлшгүй билээ.


|2-Р ХЭСЭГ|



Киноны агуулга ерөнхийдөө Эзэнт гүрний хил орчим өөрийн нутаг дэвсгэр дээр амьдрах уугуул иргэдийг “Зэрлэгүүд” гэж нэрлэх агаад тэд алдагдсан газар нутгаа эргүүлэн авахаар довтлох гэж буй тухай цуу яриа дэгдсэнээр эхэлнэ. Үүнээс болж Эзэнт гүрний хурандаа Жол |Жонни Депп| - оор удирдуулсан цэргийн хүч тосгонд ирдэг. Харин тэд дайнаас урьдчилан сэргийлэх нэрийн дор уугуул иргэдийг харгислан зовоож, соёл иргэншлийн хүмүүсийг тэдний өмнөөс турхирах  болно.


Одоо харин үйл явдлын тухай өгүүлэхгүй. Кино зун, өвөл, намар, хавар гэсэн дөрвөн хэсэгтэй. Мэдээж Монголд энэ дөрвөн улирал бий. Угтаа уугуул иргэдийг монголчуудаар төлөөлж, кинонд монгол хэлээр ярьж, монголчууд тоглосон учир энэ бол хамгийн зөв шийдвэр. Харин үнэндээ Америкчууд Индианчуудыг буюу ер нь Европын орнууд Африк, Азийн арлын орнуудыг, Хятад орон Төвөдийг, Оросууд харьяан дахь үндэстэн ястныг хэрхэн соёлт нэрийн дор зэрлэгүүд хэмээн эзэлж, тэдний газар нутгийг хэрхэн түрэмгийлж байсныг л илтгэн харуулна. Түүнээс бус зэрлэгүүд нь “монголчууд” юм гэсэн ойлголт үгүй. Зөвхөн нэг л үндэстнээр энэ бүгдийг төлөөлүүлж харуулсан нь тэр. Нөгөөтэйгүүр энэ киног дэлхий нийтэд зориулсан учир монголчуудын хэл яриа, соёл иргэншил, нүүдэлчин ахуй нь хүмүүсийн сонирхлыг татна хэмээн кино бүтээгчид найдсан нь илт.


Кино үнэндээ цэвэр дүрсний урлаг бөгөөд түүнээс гадуур бүтээгдэх аргагүй. Эхнээсээ зөөлөн, удаан сценүүдэд зонхилж, текстнээс илүүтэйгээр өнгө, будгаар зурсан тус бүтээлд хурдтай үргэлжилсэн үйл явдлууд нүд эрээлжлэн хөврөхгүй. Угтаа энэ нь зарим үзэгчид “уйтгар”-тай санагдсан болов уу. Гэвч анхнаасаа “Зэрлэгүүдийг хүлээхүй” нь арилжааны кинонуудаас огт өөрөөр бүтээгдсэн юм.


Уг бүтээлд харгис түшмэлийн дарангуйлал, тосгоны захирагчийн энэрэнгүй сайхан сэтгэл хоёрыг хооронд нь харшуулан үзүүлнэ. Тэд эзэнт гүрний даалгаврыг адилхан биелүүлж буй хүмүүс гэлээ ч хурандаагийн зүүсэн нүдний шилэнд тосгоны захирагч өөрийн дүрсийг л олж харна. Нэг талаас тэр өөрөө өөртэйгөө ярьж, чухал шийдвэрийг эцэст нь өөрөө л гаргах болно гэдгийг киноны төгсгөл дэх утга санаа илэрхийлэгдэх хүртэл жижигхэн материаллаг зүйлийн тусламжтайгаар ийнхүү илэрхийлжээ.





Хэд хэдэн сэртхийлгэх сценүүд кинонд гарах ч анхнаасаа л тэдгээр нь нэг их дарамтгүй, угаас л кинонд байж болох тийм л шугамд өрнөнө. Төмөр утсаар хүмүүсийн хацрыг цоолоод уячихсан байх, толгойг нь ухаад гаргачихсан цэрэг эр зэрэг үзэгдлүүд нь кинонд анхнаасаа байх ёстой гэмээр сэтгэгдэл төрүүлэх учир хүчээр оруулчихсан мэт хиймэл санагдахгүй. Гол дүрийн уугуул эмэгтэйг хахир хүйтэн өвлийн улиралд үзэгчдэд таниулж өгдөг. Бие сэтгэлийн шаналал, хүний нутагт харгис хурандаагийн гарт тамлуулсан зовлонгийн хүйтнийг мэдрүүлэхэд энэ арга л тохиромжтой байлаа.


Эцэст нь өнөөх “Хэн нь илүү зэрлэг вэ” гэх асуулт ургана. Зэрлэгүүдэд ялагдсанаа мэдсэн дарга нар тосгоныг өөрсдөө дээрэмдэж орхиод арилж өгдөг. Тэд хий хардсан, бусдыг зовоож асан дайныхаа талбарт өөрсдөө ялагдчих нь тэр. Бодлоос үүссэн дайны жинхэнэ эзэд нь тэд өөрсдөө байлаа. Тосгоны захирагч эзэнт гүрнийх нь нутагт орших зүгийн хаалгыг хааж түгжинэ. Харин зэрлэгүүд довтлох талынх нь хаалга онгорхой үзэгдэх бөгөөд алсад нүүдэлчдийн их цэргийн тоос босож үзэгдэнэ. Асуулт нь хэдийн тодорхой болчихсон учраас үйл явдал цааш үргэлжлэх нь утгагүй болсон тул үзэгчдэд цааш төсөөлөх боломжийг олгосноор кино төгсөнө.

 

Холбоотой мэдээ