Трамп vs Байден:Санал асуулгын дүн хэр бодитой вэ?

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-09-15 10:46:04

Д.Трамп Цагаан ордонд үлдэх үү үгүй юү гэдгийг Америкийн сонгогчид ирэх 11 дүгээр сарын 3-ны өдөр шийднэ. Түүнтэй өрсөлдөж буй Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 1970-аад оноос хойш улс төрийн тавцанд ажиллаж байгаа бөгөөд Барак Обамагийн үед дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан гэдгээр нь хүмүүс илүү сайн мэддэг билээ. 


Сонгуулийн өдөр ойртох тусам хоёр нэр дэвшигчийн хэнд нь сонгогчид илүү талтай байгааг тандан мэдэхийн тулд нийгэм-улс төрийн судлаачид үндэсний хэмжээнд санал асуулга явуулж байна.


Өрсөлдөгчдийн нэр хүнд улс орны хэмжээнд ямар байна вэ?


Үндэсний хэмжээний санал асуулга бол тухайн нэр дэвшигчийн нэр хүндийн чансаа улс орны хэмжээнд ямар байна вэ гэдгийг тандаж мэдэх хамгийн сайн чиг баримжаа юм. Гэхдээ санал асуулгын дүнд үндэслэн сонгуулийн дүнг урьдчилан хэлэх боломжгүй байдаг. Жишээ нь, 2016 онд Хиллари Клинтон санал асуулгын дүнгээр илүүрхэж байснаас гадна сонгуулийн дүнгээр Трампаас 3 саяар илүү тооны санал авсан боловч ялагдал хүлээсэн билээ. Учир нь, муж улсуудаас төлөөлөн сонгох тогтолцоо АНУ-д үйлчилдэг тул илүү тооны санал авна гэдэг нь ялалт байгуулна гэсэн үг биш юм.   


Үүнээс үүдэн энэ оны үндэсний хэмжээний санал асуулгуудын дүнд ажиглалт хийж үзье. Он гарснаас хойших ихэнх хугацаанд Жо Байден одоогийн ерөнхийлөгчөөс рейтингээрээ илүүрхсээр байгаа бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт түүний рейтинг 50 хувь орчимд хэлбэлзэж, зарим тохиолдолд Трампаас 10 хувиар давуу байлаа. Харин сүүлийн хэдэн өдрүүдэд Трамп хоцорсноо тодорхой хувиар нөхөж чаджээ.



2016 онд нэр дэвшигчдийн рейтинг үүнээс хамаагүй бага зөрүүтэй байсан бөгөөд сонгуулийн өмнөх өдөр голлох муж улсуудад Трамп, Клинтон хоёрын нэр хүндийн үзүүлэлтийн зөрүү маш цөөхөн хувиар хэмжигдэж байв.


Аль муж улсуудад сонгуулийн хувь заяа шийдэгдэх вэ?


Нийт авсан саналын тооноос илүүтэй ямар муж улсуудад ялалт байгуулсан бэ гэдэг нь илүү чухал болохыг 2016 онд Х.Клинтон өөртэй нь холбоотой тохиолдлоос үндэслэн хэлж байсан юм.  


Ихэнх муж улсад сонгуулийн санал хураалтын дүн байнга ойролцоо гардаг. Тэгэхээр хоёр нэр дэвшигчийн хувьд цөөхөн хэдэн муж улсад давамгайлахад л сонгуульд ялах магадлалтай болж байгаа юм.



Төлөөлөн сонгох тогтолцоо ёсоор хүн амынх нь тооноос хамааран муж улс тус бүрт тодорхой тооны саналын эрхтэй. Нийтдээ сонгогчдын коллегид 538 саналын эрх байдаг бөгөөд дор хаяж 270 санал авсан нэр дэвшигч ялалт байгуулна гэсэн үг.


Зарим муж улсууд дахь төлөөлөн сонгогчдын тоо нь бусад муж улсуудтай харьцуулахад илт олон байгааг дорх зургаас харж болно. Ийм учраас нэр дэвшигчид төлөөлөн сонгогч олонтой газруудад ажиллахад илүү их цаг зав, хүч зарцуулдаг.


Голлох газруудад нөхцөл байдал ямар байна вэ?


Яг одоогийн байдлаар гол гол муж улсуудад нөхцөл байдал Жо Байдены хувьд таатай  байна. Гэвч сонгуулийн санал хураалт хүртэл нэлээд хугацаа байгаа учраас эл байдал тун хурдан өөрчлөгдөж мэдэх юм.  


Санал асуулгын дүнг үзвэл, нэр дэвшигч Ж.Байден Мичиган, Пенсильвани, Висконсин гэсэн аж үйлдвэрийн 3 бүс нутагт давамгайлж байна. Өмнөх 2016 оны сонгуулиар эдгээр муж улсад Трамп 1-ээс бага хувиар илүүрхэн ялж байсан билээ.


Үүний сацуу өмнөх сонгуулиар Трамп илт тасархай ялалт байгуулж байсан муж улсууд дахь нөхцөл байдал түүний багийнхны санааг хамгийн ихээр зовоож байна. Учир нь, тухайн үед Д.Трамп Айова, Огайо ба Техаст 8-10 хувийн зөрүүгээр итгэлтэй ялалт байгуулж байсан бол өнөөдрийн байдлаар эдгээр газарт Байдентай зуузай холбон явж байгаа ажээ. Трамп сонгуулийн кампанит ажлыг нь зохион байгуулж байсан хүнийг өөрчлөх шийдвэр гаргасныг дээрхтэй холбон тайлбарлаж болох биз ээ.  


Трампын нэр хүндэд цар тахал нөлөөлсөн нь


Он гарснаас хойш АНУ-д өрнөсөн гол үйл явдал бол коронавирусний цар тахал бөгөөд үүний эсрэг Трампын авсан арга хэмжээнд олон нийтийн зүгээс өгч буй үнэлэлтүүд хоорондоо илт зөрүүтэй байна.  


3 дугаар сарын дундуур Америкийн Ерөнхийлөгч улс орондоо онц байдал тогтоож, вирусний тархалтыг зогсоохын тулд муж улсуудад 50 тэрбум долларыг хуваарилан олгосон тэр үед Ipsos компанийн явуулсан санал асуулгаар  америкчуудын 55 хувь нь түүнийг дэмжиж байв.  


Гэвч үүний дараахан Ардчилсан намынхны дэмжлэг уурших мэт алга болсон бол бүгд найрамдахчууд ерөнхийлөгчөө дэмжсэн хэвээр байлаа.  


Харин өмнөд ба баруун муж улсуудад вирусний тархалт огцом нэмэгдсэнээр Трампыг дэмжигчид хүртэл түүний явуулж буй үйл ажиллагаа оновчтой эсэхэд эргэлзэх болжээ. Үүнээс шалтгаалан 7 дугаар сарын эхээр бүгд найрамдахчуудын дэмжлэг 78 хувь болж унажээ.


Саяхан Трамп коронавирусний талаарх байр сууриа өөрчлөхөөр шийдсэн нь дээрхтэй холбоотой байж магадгүй юм. Өмнө нь тэрбээр “вирус аяндаа алга болчихно” гэж мэдэгдэж байсан бол харин одоо “нөхцөл байдал муудаж болзошгүй” гэдгийг сэрэмжлүүлжээ. Д.Трамп өөрөө амны хаалт зүүгээд америкчуудад хандан “эх оронч үзэл”-ээ илэрхийлэн бүгдээрээ маск зүүхийг уриалсан байна.   


Саяхан Вашингтоны их сургуулийн судлаачдын хийсэн математик загварчлалаар бол, сонгуулиас 2 хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 1 гэхэд коронавирусний халдвараар нас барсан хүмүүсийн тоо 230 мянгаас давахаар харагдаж байна.


Санал асуулгад итгэж болох уу?


2016 оны сонгуульд хэн ялахыг урьдчилан тодорхойлж чадаагүй гэдгээр нь санал асуулгуудын дүнг амархан үгүйсгэж болохоор. Трамп ч гэсэн ийм байдлаар үл ойшоох хандлага гаргаж байсан нь олонтоо. Гэвч энэ бол буруу хандлага юм.   


Тухайн үед Х.Клинтон Трампаас хэд хэдэн хувиар илүүрхэж явааг үндэсний хэмжээний санал асуулгуудын ихэнхийнх нь дүн харуулж байсан. Гэхдээ Трамп ялсан нь санал асуулгын дүн алдаатай байсан гэж үзэх шалтгаан биш юм.  Х.Клинтон өрсөлдөгчөөсөө 3 саяаар илүү тооны санал авсныг дурдая.  


Тухайн үед социологичид зарим бэрхшээлтэй тулгарч, алдаа гаргасан нь үнэн. Тухайлбал, дээд боловсролгүй сонгогчдын санаа бодлыг зохих ёсоор тусган тандаж чадаагүй. Үүнээс шалтгаалан зарим голлох муж улсуудад Трамп хэр давуу байсан бэ гэдгийг тодорхойлж чадаагүй юм. Ийм учраас социологийн судалгаа явуулдаг ихэнх компани өөрсдийн алгоритмын загвартаа зохих өөрчлөлтүүдийг оруулжээ.


Гэвч цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө ба сонгуульд оролцох хүмүүсийн идэвхээс шалтгаалан энэ жилийн хувьд нөхцөл байдал улам бүр тодорхойгүй болж байна. Ийм учраас санал асуулгуудын дүн нь зарим талаар эргэлзээ дагуулж мэднэ. Тэгээд ч сонгууль хүртэл нэлээд хугацаа бий.   


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://www.bbc.com/news/election-us-2020-53657174

https://www.bbc.com/russian/in-depth-53655061  

 

 

Холбоотой мэдээ