Тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-09-16 16:35:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Түй-Шаргалжуутын цурав голомтын 36 мянган га талбайд тарваган тахал өвчний байгалийн голомтын гүнзгийрэл шинжилгээ хийжээ.

Аймгийн ЗӨСТ-өөс хийж буй гүнзгийрэл шинжилгээ нь тарваган тахлын үндсэн агуулагч амьтад болох мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтыг тогтоох болон байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжлийг тогтоох зорилготой юм байна. Мөн зорилгоор мэрэгч амьтад, тэдгээрийн сэг зэм, гадны шимэгч, махчин шувуудын гулигдас зэрэг 336 материал цуглуулж, дээжид тарваган тахлын үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээ хийж эхэлжээ.

Шинжилгээ хийх хугацаанд Өлзийт сумын Нарийн гол, Шуургач, Халиут, Агуйт, Ар агьтад нутаглах 121 хүнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт зохион байгуулж, санамж материал тараасан байна.

Холбоотой мэдээ