Чөлөөт бөхийн 10 дугаар сард болох U23 ДАШТ-ийг цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-17 16:50:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Финланд улсын Тампере хотноо 2020 оны 10 дугаар сарын сүүлээр зохион байгуулахаар товлосон чөлөөт бөхийн U23 /23 хүртлэх насны/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цуцлахаар шийдвэрлэжээ.


Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны Гүйцэтгэх хорооны өнгөрсөн даваа гараг/2020.09.14/-т болсон хуралдаанаар ийм шийдвэр гаргасан байна.



Мөн Гүйцэтгэх хорооноос 2020 оны 11, 12 дугаар саруудад  календарьчилсан хуваарьт орсон олон улсын тэмцээнүүдийг хэвээр үлдээхээр тохиролцсон боловч тэмцээнийг зохион байгуулагчид оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс ариун цэврийн нөхцлийг чанд хэрэгжүүлэх ёстой гэдгийг онцолсон юм. ДБНХ-ноос энэ асуудлуудыг дахин хянан үзэх юм байна.


Мөн ирэх 12 дугаар сарын дундуур Белград хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн насанд хүрэгчид болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар тодорхой шийд гараагүй аж.


Ташрамд дуулгахад, Монголын чөлөөт бөхийн холбоо U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эмэгтэй баг тамирчдыг Ц.Цогтбаярын нэрэмжит тэмцээнээс, эрэгтэй баг тамирчдыг гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнээс сонгон шалгаруулах байв. Харин ДБНХ-ноос тэмцээнийг зохион байгуулах шийдвэрийг эцэслэн гаргасны дараа энэ 2 тэмцээний товыг тогтоон зохион байгуулахаар шийдвэр гаргаад байсан билээ. 

Холбоотой мэдээ