Хилчин тамирчид шагнуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-17 17:52:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Монголын хилчдийн баяраар Тулгар төрийн 2229, Их Монгол Улсыг байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний бөх, сурын харваанд амжилт гаргасан хилчин тамирчдаа ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн болон даргын зөвлөлийн гишүүд хүндэтгэн хүлээн авч, шагнал гардуулав.


Үндэсний их баяр наадамд сайн барилдаж, түмэн олноо баясгасан Хилийн 0208 дугаар тусгай салбар /“Хилчин” спорт хороо/-ын үндэсний бөхийн тамирчин, хошууч Б.Пүрэвсайхан, ахлах ахлагч Б.Бат-Орших нарыг “Онц хилчин”, үндэсний сурын харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн сувилагч Б.Сүрэнжаргалыг “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнасан байна.


Мөн баг тамирчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан тус салбарын ерөнхий дасгалжуулагч, дэд хурандаа Н.Бүрэнбаатар, үндэсний бөхийн дасгалжуулагч, хошууч Л.Батзориг, үндэсний сурын дасгалжуулагч, ахлах дэслэгч Б.Ёндон нарт Цэргийн сахилгын дүрмийн 11.2.3-д заасны дагуу сайшаал хүртээв.

Холбоотой мэдээ