ТАСС: С.Лавров есдүгээр сарын 21-нд Монголын Гадаад харилцааны сайдтай хэлэлцээ хийнэ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-18 10:12:37

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Нямцэрэнгийн Энхтайвантай ирэх долоо хоногийн даваа гарагт хоёр талын харилцааны талаар хэлэлцэнэ гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдээлжээ. 


Монгол Улсын Гадаад харилцааны сайд есдүгээр сарын 20-22-ны хооронд Москвад айлчлах юм.


"Сайд нарын хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, өндөр, дээд түвшний хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн явц, худалдаа, эдийн засаг, зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, хүмүүнлэгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, түүнчлэн олон улсын тавцанд болон бүс нутгийн үйл хэрэгт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцэнэ" гэж тэрбээр мэдээлсэн байна. 


Түүний мэдээлснээр, мөн 2021 онд тохиох ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хамтарсан арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах талаар санал солилцоно.


"Айлчлалын хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг соёрхон баталсан баримт бичгийг солилцох ёслол болно" гэж Захарова нэмж дурджээ.


Холбоотой мэдээ