БНХАУ Тайванийн хоолойн ойролцоо цэргийн сургууль хийж байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-18 12:43:41

БЭЭЖИН. /Reuters/. БНХАУ Тайванийн хоолойгоос холгүй цэргийн сургууль хийж байгаа тухай тус улсын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жэнь Гоцян мэдээлжээ.


Түүний мэдээлж буйгаар, цэргийн сургуулилалтыг Тайванийн хоолойд үүссэн нөхцөл байдлын хариуд хийж байгаа бөгөөд БНХАУ-ын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилготой байна.


Тайванийн хоолой дахь агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийнх нь ойролцоо Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ үйл ажиллагаа идэвхэжсэн талаарх мэдээллийг Тайванийн цэргийн байгууллага пүрэв гарагт цахим хуудсандаа нээлттэй мэдээлж эхэлжээ.


1949 оноос хойш Тайвань нь эх газрын Хятадаас тусдаа засаг захиргаатай явж ирсэн боловч Бээжингийн эрх баригчид тус арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзсэн хэвээр байгаа юм. Энэ сарын эхээр Тайванийн цэргийнхэн ХАЧА-ийн Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд Тайванийн хоолойн дээгүүр агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нь ойртсон талаар хоёр ч удаа мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ