Өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээхэд зориулж улсын төсөвт хөрөнгө тусгахыг хүсэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-18 19:38:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун болон төвийн бүс нутгийн аймгуудад гантай байсан учраас өвөлжилт хүндэрч болзошгүйг харгалзаж, урьдчилан сэргийлэх хүсэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр хүргүүлэв.


Уг хүсэлтэд, "Монгол орны нийт нутгаар энэ жил зун зуншлага тааруу, өвс ургамлын гарц муу, ялангуяа баруун бүсийн зарим аймгуудын олон сумдын нутаг гантай байгаагийн улмаас өвөлжилт хүндэрч мал аж ахуй эрхлэгчдэд ихээхэн хохирол учирч болзошгүй байна. Энэ онд өвс тэжээлийн үнэ эрс өсөж, хүргэлт тээврийн зардал оруулан тооцвол урьд жилүүдийнхтэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн судалгаа гарч байна. Дорнод, Сүхбаатар зэрэг өвс тэжээл бэлтгэдэг аймгуудад 25 килограммаар пресслэсэн өвс 2019 онд 2500 төгрөг байсан бол энэ жил 18 килограммаар пресслэсэн өвс 5000-6000 төгрөгт хүрчээ. Гэтэл Улаанбаатарын өвс тэжээлийн зах дээр нэг боодол өвс 11000-12000 төгрөгийн үнэтэй байна. Энэ өвс, тэжээлийг баруун аймгууд руу тээвэрлэхэд тээврийн болон бусад зардал нэмэгдээд 20 000 мянга гаруй төгрөгт хүрэх урьдчилсан тооцоо байна.


Энэ нөхцөл байдалтай холбогдуулан:


1. Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа учир цаг алдалгүй өвс тэжээлийн үнэ тогтворжуулахад чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх

2. Өвс, тэжээл экспортлохыг хориглох тухай шийдвэрээ бодитоор хэрэгжүүлж, хяналт тавих

3. Импортоор өвс тэжээл бэлтгэж нөөцлөхтэй холбоотой бодлого шийдвэр гаргаж, яаралтай хэрэгжүүлж эхлэх

4. 1990-ээд оныг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан баруун болон төвийн бүсийн аймгуудын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээж усалгаатай тариаланг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого шийдвэр гаргаж, ирэх оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах шаардлагатай байна.


Тухайлбал, Говь-Алтай аймгийн Шаргын услалтын систем, Булган аймгийн Баяннуур, Баянхонгор аймгийн Байдраг, Ховд аймгийн Буянт, Эрдэнэбүрэн, Булган, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Увс аймгийн Баруунтуруун, Хархираа, Завхан аймгийн Баянтэс, Тэлмэн, Говь-Алтай аймгийн Баянтоорой зэрэг сумдын өвс тэжээлийн аж ахуйн үйл ажиллагааг сэргээхэд зориулж 2021 оны улсын төсөвт тодорхой хөрөнгө тусгах хэрэгтэй. Ингэснээр нь өвс, тэжээлийн аж ахуйг хөгжүүлж, баруун болон төвийн бүсийн малчдыг өвс тэжээлээр хангах, цаашлаад Монгол Улсын мал аж ахуйн салбарыг болзошгүй эрсдэлээс хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм.” гэсэн байна.

Холбоотой мэдээ