"COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх Хүмүүнлэгийн баг байгуулна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-24 16:01:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ. Тэрээр, "COVID-19" халдварын цар тахал хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн цар тахлын эсрэг тууштай тэмцсээр 9 сарын хугацаа өнгөрөөд байна. Тус халдварт өвчин өмнө нь тохиолдож байгаагүй шинэ вирусээр үүсгэгдэж бий болсон тул хүн төрөлхтөн шинэ сорилттой нүүр тулгарч байгаа. Өнөөдөр дэлхийн 216 улсад халдвар тархаж, 32 сая хүн халдварлаж, 25 сая орчим хүн эдгэрч, нэг сая хүн амь насаа алдсан. Дэлхийн нийт  хүчин чармайлтаа нэгтгэн энэхүү аюулт халдварыг даван туулж чадна гэдэгтэй хүндэт зочид та бүхэн санал нийлнэ гэдэгт итгэж байна" гэлээ.


Түүнчлэн, "Хэдийгээр манай улс дотооддоо халдвар алдаагүй, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй ч хүн амын дунд тархах эрсдэл өндөр байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор бид “Шинэ хэвийн” амьдралын хэв маяг гэдгийг өөрийн улсын онцлогт нийцүүлэн бий болгох шаардлагатай гэж үзсэн. Аюулт өвчний улмаас иргэдийн аж амьдрал, улс орны хөгжлийн чиг хандлага өөрчлөгдсөн энэ үед бид нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэрхэн сэргээн хөгжүүлэх талаар бид шинэ арга барил, шинэ шийдэл, шинэ гарцуудыг эрэлхийлэх том сорилттой тулгарч байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга миний бие, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай хамтран "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх Хүмүүнлэгийн багийг хамтран удирдаж, та бүхэнтэйгээ нэг баг болж ажиллахыг санал болгосон.

Эрүүл мэндийн салбарын Хүмүүнлэгийн багийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар хамтран удирдсанаар "COVID-19" халдварын цар тахалтай тэмцэхдээ эрүүл мэндийн салбарын бодлогыг нийгэм, эдийн засгийн салбар хоорондын уялдаатайгаар хэрэгжүүлснээр улсын хэмжээнд нэгдсэн системтэйгээр хамтран ажиллах юм" гэлээ.



Холбоотой мэдээ