ХХ зууны эхэн үеийн Монгол орон, монголчуудын тухай гэрэл зургийг дэлгэлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
ulzii@montsame.mn
2020-09-25 17:34:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос 90-120 жилийн өмнөх Монгол орон, монголчуудын аж амьдралыг харуулсан Дани улсын иргэдийн авсан гэрэл зургуудыг дэлгэсэн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээв. 


Олон улсын Монгол судлалын холбооноос санаачлан “Гэрэл зураг дахь монголчуудын түүх” цувралын хүрээнд Дани улсын үндэсний музейн судлаач Кристалл Браед уг музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ХХ зууны эхэн үеийн монголчуудтай холбоотой гэрэл зургуудыг анх удаа олон нийтэд дэлгэж байна.



Тухайлбал, Монголд 1921-1936 онд ажиллаж, амьдарч байсан Дани улсын иргэн  К.П.Албертсон, К.И.Кребс, Л.Тайдманд нарын авсан түүхэн гэрэл зургуудыг хамтран хэвлэн нийтлүүлэх хүсэлтийг 2018 онд тавьсан юм. Энэ дагуу 6 дахь ном нь хэвлэгдэн гарч, зарим гэрэл зургийг Монголын уран зургийн галерейд 5 өдөр цувралаар үзүүлэх юм.




Дани улсын үндэсний  музейн сан хөмрөгт 1910-аад онд Монголд /Өргөө буюу өнөөгийн Улаанбаатар/ телефон утасны шугам засварын ажлаар ирсэн Алберстаны тэмдэглэл болон гэрэл зургууд байгаа аж. Мөн 1920-иод оны /өнөөгийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг/ Булган талд суурьшин амьдарч байсан даничуудын авсан гэрэл зураг, тэмдэглэл тус музейн санд хадгалагдаж байгаа юм байна.





Эдгээр гэрэл зураг болон тэмдэглэл нь ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, жирийн ард олны өдөр тутмын амьдралын хэв маяг, шашин, сүм хийдийн байдал зэргийг тодорхой харж болох материал юм.






Уг үзэсгэлэнгээр есдүгээр сарын 25-30-нд нийтдээ 200 гаруй түүхэн зургийг олон нийтэд цувралаар хүргэх юм байна.

Холбоотой мэдээ