Аки башёг Шодай, Тобизарюү нар 11 даваатай тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-25 18:29:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 13 дахь өдрийн барилдаанд гэмтлийн улмаас 2 өдөр завсарласан Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-5/ Сэкивакэ Дайэйшёотой барилдан 7 дахь даваагаа авлаа.


Энэ өдөр /09.25/ Озэки Асанояма, Сэкивакэ Митакэүмиг уватэнаге мэхээр давж 10 даваатай болсон бол Озэки Такакейшёо, Сэкивакэ Шодайд цүкиотоши мэхээр унаж 3 унаатай болж, Шодай 11 даваа, 2 унаатай башёг тэргүүлэгч 2 бөхийн нэг болов.


Энэ өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Мёогирюү /М-3/-д абисетаоши мэхээр унаж 6 даваа, 7 унаатай явна. Харин Хошорюү С.Бямбасүрэн /М-16/, Ишиүра/М-13/-г уватэнаге мэхээр давж, 6 даваатай болсон бол Ичиножёо А.Ичинноров /М-17/, Котошогикүг окуридаши мэхээр унагаж 7 даваатай болов.


Есдүгээр сарын барилдааны 13 дахь өдөр башёг тэргүүлэгч бөхийн нэг Тобизарюү/М-14/ Токаношо /М-1/-г окуридаши мэхээр давж 11 даваатай, Сэкивакэ Шодайгийн хамт Аки башёг тэргүүлж эхэллээ. Тэдний араас 10 даваатай Озэки Такакейшёо, Асанояма болон Оношо /М-9/ нар нэхэж байгаа юм.

Холбоотой мэдээ