Х.Нямбаатар: Торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд мөнгөн дүнг 50 хувиар багасгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-29 14:57:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн  хэлэлцүүлэг өнөөдөр ХЗДХЯ-ны байранд боллоо.


Монгол Улсад дэг журам тогтоож байгаа хоёр хууль байдаг нь Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль. Нийгэмд харьцангуй бага хор хохирол учруулж байгааг нь зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг бол нийгэмд илүү хор хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэгЗөрчлийн тухай хуулийг илүү боловсронгуй болговол нийгэмд шударга ёсыг тогтоох томоохон хөшүүрэг болно гэж албаны хүмүүс хэлэлцүүлэгийн үеэр онцлов.


Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд Х.НямбаатарЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Ү.Содномцог нар илтгэл танилцуулсан юм. 


ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар илтгэл танилцуулах үеэр хэлсэн үгэндээ “Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа дийлэнх зөрчилд сануулга өгч, торгууль шийтгэлийг хугацаанд нь төлсөн тохиолдолд оногдсон шийтгэл буюу мөнгөн дүнг 50 хувиар багасгана. Зөрчил арилгах хугацааг 7-10 хоног байхаар тогтоож, зөрчлийг арилгуулах тусгай нэгж иргэнд хяналт тавьдаг байхаар зохицуулах юм. Мөн 2300 зөрчлийг дахиж шинээр томьёолж, зөрчлийн давхардлыг арилгаж, оногдуулах шийтгэлийн дээд, доод хязгаарыг тогтооно. Учир нь зөрчил үйлдэгчийн хувийн байдал болон тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж, уян хатан шийдвэрлэх хэрэгцээ үүсээд байгаа юм” хэмээв.

  

Харин ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат “Зөрчлийн тухай хуулиар оногдуулж буй шийтгэлийн нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг бодож, иргэдийн хандлага руу чиглэсэн бодлого баримтлах нь чухал. Хувь хүн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа аль эсхүл улам мэлзэж, өөрийгөө өмгөөлж байгаа хоёр хүний хооронд хандлагын ялгаа бий. Энд төрөөс үзүүлж байгаа шийтгэл яагаад ялгаатай байж болохгүй гэж... Үүнийг шударга ёсонд нийцнэ гэж бодож байна.


Мөн төрийн шалган шийдвэрлэх зарим эрх бүхий байгууллагад хүний нөөц дутагдаж байгаа учраас зарим тохиолдолд цагдаагийн байгууллагад зөрчлийн хэргүүд харьяалагдаж ирээд байдаг. Гэхдээ үүнийг бид ачаалал нэмэгдлээ гэж хүлээж авдаггүй. Аливаа салбарт зөрчил үүссэн тохиолдолд ур чадвар, мэдлэгтэй албан хаагч хэрэгтэй тул бид албан хаагчийг мэргэшүүлэхэд анхаарч байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажилд зарцуулах 281 сая төгрөгийн төсвийг боловсруулж, Сангийн яам руу илгээсэн. Энэ ажилд маш их зардал, цаг хугацаа зарцуулдаг. Албан хаагч өөрийнхөө халааснаас мөнгө гаргах үе ч тохиолддог. Нэг албан хаагчид төчнөөн хэрэг гэж тодорхой заасан норм байдаггүй. Гэхдээ ойролцоогоор нэг албан хаагчид 30-40 хэрэг хянан шийдвэрлэх үүрэг оногддог. Энийг багасгавал, ажлын үр дүнд эерэг өөрчлөлт гарах магадлал өндөр” хэмээв.


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар илтгэл танилцуулах үеэрээ “Хариуцлагын нэгдсэн тогтолцоо”-г бүрэлдүүлэх нь чухал гэсэн юм. Энэ талаар Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Ү.Содномцогоос тодруулахад “Зөрчлийн тухай хууль батлагдахаас өмнө Захиргааны хариуцлагын тухай хууль гэж байсан. Энд “зөрчил” гэдэг ойлголтыг маш ерөнхий байдлаар тодорхойлсон байсан. Шинэ зөрчлийн хуулиар яг ийм үйлдлийг ийм зөрчилд тооцно гэж нэг бүрчлэн тодорхой болгож өгсөн. Хариуцлагын нэгдсэн тогтолцоо гэдэг нь ямар ч зөрчлийг шалгасан тухайн эрх бүхий албан тушаалтан хүний эрхийг хангасан нэг процессоор явахыг хэлж байгаа юм. Тодруулбал, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлагаас мултрах боломжгүй байхаар зохицуулна гэсэн санаа. Заавал хуульд заасан хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээлгэхдээ энэ үйлдлийг давтан гаргах боломжгүй байхуйцаар зааж зөвлөж, зөрчлийн тоог бууруулахад анхаарна гэсэн утгатай” хэмээлээ.


Түүнчлэн тэрбээр “Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт ба прокурорын хяналт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд хуулийн хэрэгжилтийн практик ахиц дэвшлийн тухай ярьсан юм. Тэрбээр хэлэхдээ “Зөрчлийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан бүрдэж, эрх бүхий албан тушаалтан нэгдсэн стандартын дагуу зөрчил шалгах ажиллагааг хэрэгжүүлж хэвшсэн. Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих бие даасан бүтэц прокурор ажиллах болсон. Мөн төрийн нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлд анхаарч, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулалт сайжирсан давуу талтай байна” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ