Трамп, Байден нарын мэтгэлцээнийг 65 сая орчим хүн телевизээр үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-01 09:20:16

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, түүний өрсөлдөгч Жо Байден нарын анхны мэтгэлцээнийг 65 сая орчим хүн телевизээр үзжээ. Энэхүү тоо нь 2016 оны мэтгэлцээнийхээс бага байгаа боловч стриминг үйлчилгээний үзэгчдийн эцсийн тоо хараахан гараагүй байна.


2016 онд Д.Трамп, Хиллари Клинтон нарын мэтгэлцээнийг 84 сая хүн үзсэн нь телевизийн дээд амжилтыг тогтоож байсан юм. Өмнө нь Реаган-Картер нарын 1980 оны мэтгэлцээнийг 80.6 сая үзэж байжээ.


Nielsen” компанийн мэдээлснээр, Америкийн цагаар мягмар гаргийн орой болсон Цагаан ордны тэргүүний суудлын төлөөх мэтгэлцээнийг найман сувгаар 64.7 сая орчим хүн үзжээ. Харин Д.Трамп уг мэдээлэлтэй холбогдуулан “хэвлэл мэдээллийн хуурамч компаниуд хэзээ нэг өдөр намайг санах болно” хэмээн нийтэлжээ.


Хэдийгээр стриминг үйлчилгээнүүдийн албан ёсны тоо хараахан гараагүй байгаа хэдий ч “Wall Street Journal, Fox News, CBS”, “ABC” зэрэг сувгийн “YouTube” цахим хуудсаар шууд дамжуулсан мэтгэлцээнийг 20 сая гаруй удаа үзжээ. Мөн өөр олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл “YouTube”-ээр шууд дамжуулалт хийсэн бөгөөд радио болон бусад форматаар мэтгэлцээнийг сонссон хүний тоо ч мөн тодорхойгүй байна.


Дараагийн мэтгэлцээн Юта муж улсын Солт-Лейк хотод ирэх 10 дугаар сарын 7-нд дэд Ерөнхийлөгч Майк Пенс, Сенатч Камала Харрис нарын дунд өрнөнө. Д.Трамп, Ж.Байден нарын хувьд Флорида муж улсын Майами хотод 10 дугаар сарын 15-нд, Теннесси муж улсын Нашвилл хотод 10 дугаар сарын 22-нд тус тус мэтгэлцэх юм. Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно. 

Холбоотой мэдээ