Кувейтийн шинэ эмир тангараг өргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-01 11:30:57

ЭЛЬ-КУВЕЙТ. /NHK/. Кувейтийн шинэ эмир лхагва гарагт тангараг өргөжээ. Кувейтийн эмир шейх Сабах аль-Ахмед аль-Жабер аль-Сабах мягмар гарагт 91 насандаа таалал төгссөн юм. Удирдагч агсан АНУ-д эмчлүүлж байх хугацаандаа таалал төгссөн бөгөөд түүний цогцсыг Кувейтэд лхагва гарагт авчирсан байна.


Угсаа залгамжлах хунтайж, эмир Сабахын эцэг нэгт дүү шейх Наваф аль-Ахмед аль-Жабер аль-Сабах тангараг өргөх үеэрээ улс орныхоо эдийн засгийг сэргээхийг зорьж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр нефтийн үнэ буурсан, коронавирусний халдвараас үүдэлтэй хямрал нүүрлэсэн энэ үед тулгараад буй хүнд сорилтуудыг нэгдмэл байж, хамтдаа шургуу хөдөлмөрлөснөөр даван туулна гэж хэлжээ.


Өмнөх удирдагчийн хувьд Арабын булангийн бүс нутагт тогтвортой байдлыг тогтоох чиглэлд зуучийн үүрэг гүйцэтгэж, тууштай хүчин чармайлт гаргасан юм. Саудын Араб, Ираны хурцадмал байдал өсөн нэмэгдэж буй бүс нутагт шинэ эмир өөрийн байр сууриа бататгаж чадах эсэхэд олон нийт анхаарлаа хандуулж байна. 

Холбоотой мэдээ