В.Путин БНХАУ байгуулагдсаны ойг тохиолдуулан Ши Жинпиньд баяр хүргэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-01 16:17:38

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ байгуулагдсаны 71 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Ши Жинпиньд баярын цахилгаан илгээж, олон улсын үйл хэрэгт Бээжин жинтэй үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.


"Хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагаанд ОХУ ихээхэн ач холбогдол өгөхийн сацуу хоёр талын яриа хэлэлцээ, янз бүрийн салбарын үр бүтээлтэй хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийг зорьж байгааг  В.Путин онцлов. Түүнчлэн бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдалд учирч буй сорилт бэрхшээлүүдтэй, тухайлбал, коронавирусний цар тахалтай тэмцэхэд хүчин чармайлтаа зохицуулахыг зорьж байгааг тэмдэглэлээ” гэж мэдээлэлд дурдсан байна. В.Путиний үзэж байгаагаар, ийм хамтын ажиллагаа нь "Орос, Хятадын ард түмний язгуур эрх ашигт нийцэж, дэлхий даяар аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэхтэй уялдаж байна”.


ОХУ-ын Ерөнхийлөгч мөн “БНХАУ нийгэм-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хөгжлийн замаар итгэл төгс явахын зэрэгцээ дэлхийн тавцанд өндөр нэр хүндийг зүй ёсоор эзэмшиж, олон улсын үйл хэрэгт чухал бүтээлч үүрэг гүйцэтгэдэг болохыг онцоллоо гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.

Холбоотой мэдээ