Ипотекийн зээлийн хүүг бууруулах шийдвэрт зөвхөн шинэ зээлдэгчдийг хамруулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-01 18:21:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төсөл санаачлагчийн илтгэлдээ, "COVID-19" цар тахал олон улсад хурдтай дэлгэрснээр дэлхийн эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, гадаад болон дотоод эдийн засгийн орчны байдал, цаашдын төлвийг эрс өөрчилсний зэрэгцээ буцаж сэргэх хугацаа тодорхойгүй байна. Хөгжсөн болон хөгжиж буй улс орнуудад нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаар хэрэгжүүлсэн гадаад болон дотоод карантин, хөл хорионы арга хэмжээ нь бизнесийн үйл ажиллагааг хумьж, зах зээл дээр савлагаа үүсгэн эдийн засагт хүчтэй агшилт, уналтыг бий болгоод байгаа" гэв. Мөн коронавируст цар тахал хүмүүсийн хөдөлмөрлөх, хэрэглэх, хадгалах зан, төлөв болоод хөрөнгө оруулалтын шийдвэр, бизнесийн арга барил, нийлүүлэлтийн сүлжээнд олон өөрчлөлтийг түр зуур, зарим тохиолдолд бүрмөсөн бий болгосноор эдийн засагт бүтцийн шинжтэй шилжилт үүсэж байгааг дурдлаа.


Цар тахлаас үүдэлтэй сөрөг нөлөө уул уурхай, тээвэр, худалдаа, үйлчилгээ болон боловсруулах салбарт бизнесийг хязгаарлаж, өрхийн ажил эрхлэлт, цалин орлогод сөрөг үр дагавар үүссэн байна. Экспортын орлого хумигдаж, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь валютын нөөцөд дарамт учруулсан бол татварын орлого хумигдаж, төсвийн зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал тэлжээ. Төрөөс санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийн санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа хэдий ч макро орчны эрсдэл, банкуудын эрсдэл даах чадвар хэвээр хадгалагдаж байгаагаас шалтгаалаад зээлийн нийлүүлэлт саарах хандлагатй байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулгадаа дурдсан.


Монголбанк зах зээлийн зарчимд тулгуурлан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр инфляц сүүлийн 3 жилд зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой байсан. Гэвч цаг үеийн нөхцөл байдлын улмаас Төв банкны инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. 


Монгол Улсын Их Хурлаас баталсан “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн оролцогч бүх талын хамтын ажиллагаа, ажлын уялдаа, холбоо нь нэн чухал үүрэгтэй гэв. Чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлэх явц удаан хугацаанд үргэлжилдгээс барьцаа хөрөнгийн үнэ цэнэ алдагдахын зэрэгцээ түүнтэй холбоотой гарч буй зардал банкны зээлийн хүүг нэмдэг тул зээлийн хүүг бууруулах, чанаргүй зээлийг шийдвэрлэх процессыг хурдасгах хууль тогтоомжийг боловсронгуй болгоход нягт хамтын ажиллагаа чухлаар тавигдаж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ тэмдэглэсэн. 


Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Жавхлан, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Б.Баттөмөр, Б.Энхбаяр, С.Чинзориг, Х.Булгантуяа нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулга тайлбар, мэдээлэл авлаа. УИХ-ын гишүүд ипотекийн зээлийн хүүг бууруулах бодлогын талаар тодруулж байлаа.


Монголбанк, Засгийн газрын холбогдох байгууллагуудтай хамтраад 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүүг бууруулж, 6 хувь болгох судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд ипотекийн зээлийн хүүг дээрх хэмжээнд бууруулах боломжтой хэмээн дүгнэсэн байна. Өнөөдрийн байдлаар 5 их наяд төгрөгийн ипотекийн зээлий 89 мянган иргэнд олгосон байна. Хүү буурсан тохиолдолд шинээр энэ төрлийн зээл авах хүмүүсийг л хамруулах боломжтой гэдгийг Монголбанкны удирдлагууд онцолж байв.


Монголбанк нийт ипотекийн зээлийн санхүүжилтийн хагас буюу 2.8 их наяд төгрөгийн эх үүсвэрийг гаргасан. Үүний эргэн төлөлтөөр жилд 300 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хуримтлагддагийг нь эгүүлэн санхүүгийн эх үүсвэр болгодог байна.


Уг тогтоолын төслийг байнгын хорооны гишүүдийн 90.9 хувь дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Төслийг маргааш буюу энэ сарын 2-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.

Холбоотой мэдээ