ОХУ, АНУ, Францын Ерөнхийлөгч нар мэдэгдэл гаргав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-02 14:11:51

МОСКВА. /TASS/. ОХУ, АНУ, Францын Ерөнхийлөгч нар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Минскийн бүлгийг хамтран даргалагч орнуудын төрийн тэргүүний хувиар Уулын Карабахын нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргажээ.


"Уулын Карабахын мөргөлдөөний бүс дэх тусгаарлах шугам дээр гарч буй хүчирхийлэл даамжирсныг эрс буруушааж байна" гэж удирдагчид мэдэгдэлдээ онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн “мөргөлдөөнд оролцогч талуудын Зэвсэгт хүчнүүдийн хооронд болж буй байлдааны ажиллагааг нэн даруй зогсоохыг” уриалжээ.


“Бид мөн Армени, Азербайжаны удирдагчдад хандан ЕАБХАБ-ын Минскийн бүлгийг хамтран даргалагч орнуудын зуучлалтайгаар мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээг сэргээх үүргийг шударгаар, урьдчилсан болзолгүйгээр нэн даруй хүлээхийг уриалж байна” гэж гурван орны Ерөнхийлөгч нарын мэдэгдэлд дурдсан байна.


Төрийн тэргүүн нар байлдааны ажиллагааны улмаас шархадсан, амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.


Уулын Карабахын байдал есдүгээр сарын 27-нд хурцадсан бөгөөд маргаантай нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм.


Холбоотой мэдээ