Монгол гэртэй танилцах боломжийг тайваньчуудад олгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тайванийн Үндэсний хааны ордон музейн Азийн урлагийн фестиваль-2020”-ын хүрээнд болж буй “Монгол сар” цуврал үйл ажиллагаа Тайванийн Үндэсний хааны ордон музейн өмнөд салбарт 9 дүгээр сарын 29-нд албан ёсоор нээлтээ хийв.
Үзэгчдэд монгол гэрт хэрхэн аж төрөх талаар илүү бодитой
ойлголт, сэтгэгдэл төрүүлэх зорилгоор Монгол Улсаас иж бүрэн гэр авчран тус
музейн 2 давхрын их танхимд барьж Тайваньчуудад үзүүлж сонирхуулж байна.
Энэхүү гэрийн диаметр нь 6 метр, 2.57 метр өндөртэй
жирийн монгол айл өрхийн аж төрдөг дундаж хэмжээтэй гэр юм.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч хатагтай Грэйс
Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Энэхүү үзэсгэлэнгээр монгол гэрийг үзэж сонирхож буй
Тайваньчуудад гэрийн бүтэц зохион байгуулалтыг бүрэн таниулж, монголчуудын өдөр
тутмын аж төрөхүй, амьдрал ахуйтай илүү сайн танилцуулахыг зорьсон”
хэмээв.
Монгол гэр тооно, гэрийн багана, хана, хаалга, гэрийн
бүрээс, эсгий, бүслүүр зэргээс бүрдэх ба гэр барих, буулгах, ачиж тээвэрлэхэд маш
хялбар байдаг. Уламжлалт монгол гэрийн дотор зай бага эзэлдэг, ачиж тээвэрлэхэд
амар авсаархан модон шүүгээ, ширээ сандал, ор зэрэг гэрийн тавилгыг байршуулдаг
гэж тайлбарлажээ. Монгол гэрийн доторх гэрийн тавилгууд бэлчээр даган
нүүдэллэдэг малчин нүүдэлчин ард түмний амьдралын хэвшилд нэн тохиромжтой.
Тайванийн Үндэсний Хааны ордон музейн өмнөд салбарт барьсан энэхүү монголын гэрийг олон нийтэд нээлттэй үзүүлж сонирхуулж, тусгай тайлбарлагч тайлбарлаж байгаа аж.