Тэнгэр хангайгаа шинжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-10-06 17:30:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Жил бүрийн намрын дунд сарын шинийн 15-нд Дундговийнхон тогтсон уулан дээр гарч, шөнийн турш тэнгэр хангайгаа шинжиж, ирэх өвөл, хавар ямар болохыг тодорхойлдог.

Энэ дүгнэлтийг ч малчид тэсэн ядан хүлээж, хаана өвөлжиж, хаашаа нүүхээ сонгодог уламжлалтай.

Энэ жилийн намрын дунд сарын шинийн 15-ны өдөр Говь-Угтаал сумын Бага залаагийн уул, Өндөршил сумын нутаг Баян уулан дээр нутгийн малчид,  аймгийн удирдлагууд, зэргэлдээх сумын дарга нар, иргэдийн төлөөлөл гарч, тэнгэр хангайгаа шинжин ажжээ.

Ажиглалт хийсэн малчдын дүгнэлтээс толилуулахад “Говьсүмбэр аймгийн нутгаар дулаахан, цас багатай, өнгөрсөн өвөл шиг сайхан өвөл болох ба хавар чангахан болох төлөвтэй” байгаа аж.

Тэнгэр ажиглагч Д.Таванжингийн хувьд "тохиол олонтой, хүйтэн, хатуухан өвөл болох ба чийг багатай газраа хавар хатуухан болно" гэж дүгнэжээ.

Мөн ажиглагч Ш.Эрдэнэбулган, Ц.Баяр, С.Пунцагдорж нарын дүгнэснээр “хүйтэн, чангахан өвөл болно, ховоо татаад байхааргүй алаг цастай, зүүн урдаа үүдтэй байх” төлөвтэй аж. Өвөлдөө хүйтэн, чанга байх тул малчид бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй гэжээ.

Харин тэнгэр ажиглагч А.Лхагвасүрэн хэлэхдээ "бод мал нутагт өвөлжихгүй, хүйтэн өвөл болно, хавар гайгүй болох байх" хэмээжээ.  

Тэнгэр ажиглагч, малчдын хэлж байгаагаар сүүлийн 30 шахам жилийн хугацаанд намрын дунд сарын шинийн 15-нд цас орж байгаагүй гэнэ. Харин энэ жил уулын оройд цасан дунд тэнгэр ажиглан хоноглосон нь сонин тохиол болсныг хүүрнэн ярьцгаасан байна. 

Холбоотой мэдээ