Баруун хязгаар нутгийн иргэд хатуу хучилттай замаар бүрэн холбогдлоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-08 21:03:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Баруун хязгаар нутгийн иргэд хатуу хучилттай замаар бүрэн холбогдлоо. Тодруулбал, Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай автозамын хөдөлгөөнийг нээж, ашиглалтад орууллаа. 


Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Говь-Алтай аймгийн удирдлагууд, иргэд, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцлоо.

А0303 дугаартай улсын чанартай авто замын хэсэг Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд концессын “Барих-Шилжүүлэх” гэрээний дагуу барьж ашиглалтад оруулж байна. Зам барилгын ажилд 800 гаруй хүн хүч, 400 гаруй машин механизм, чулуу бутлуур, холигч, асфальт бетон завод зэрэг 10 үйлдвэр 11 сарын хугацаанд ажилласан байна.

2008 оноос хойш таван удаа шав тавьж эхлүүлж байсан Говь-Алтай-Баянхонгорын тус авто замын бүтээн байгуулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 11 сарын хугацаанд тасралтгүй ажиллаж, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч буйд баруун хязгаар нутгийн иргэд баяртай байгаагаа нээлтийн үеэр илэрхийлж байлаа. 

Баянхонгор-Алтай чиглэлийн энэхүү хатуу хучилттай авто замыг барьснаар Говь-Алтай төдийгүй Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож буй юм. Ингэснээр орон нутгийн иргэд болон дотоод-гадаадын аялагч, жуулчид тав тухтай, түргэн шуурхай, хямд зардлаар зорчих, байгаль орчны бохирдлыг бууруулах, тээвэр ашиглалтын зардлыг хэмнэх зэргээр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. Тодруулбал, баруун чиглэлд зорчиж буй иргэдийн техникийн шатахуун зарцуулалтыг 30-40 хувь, цаг хугацааг хоёр дахин хэмнэх чухал ач холбогдолтойг холбогдох албанаас онцлон танилцуулав.

Баруун бүсийн хөгжлийн зам гэгдэх Баянхонгор Говь-Алтай чиглэлийн автозамыг Дэлгэр сумын Нүүрстэй хэмээх газар улсын комисст хүлээлгэн өгсөн бол Алтай хотын төв талбайд албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Энэ өдөр Алтайчуудын хувьд түүхэнд өдөр тохиож байна, олон жилийн хүсэл биеллээ олж байгаад маш их баяртай байгаагаа нутгийн зон олон илэрхийлж, дуутай хууртай хөгжлийн замаа ийнхүү тосон авлаа. 


Холбоотой мэдээ