Улаанбурханы вакцинжуулалт 63 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-05-21 12:45:43

Улаанбурхан өвчнөөр 18-30 насныхан болон оюутнууд зонхилж өвчлөх болсон учраас Засгийн газраас хөрөнгө гаргаж, дээрх насны иргэдийг вакцинд хамруулж байгаа.

Вакцинжуулалт тавдугаар сарын 12-ны өдрөөс улс даяар эхэлсэн. Засгийн газар 948,3 сая төгрөгийн төсөвт өртгөөр 650 мянган хүн тун вакцин авсан. Улаанууд, улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг хүүхдийн есөн сартай болон хоёр настайд хоёр тун хийдэг учраас бага насны хүүхэд вакцинд хамрагдах шаардлагагүй. Харин вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийж болохгүй. Мөн вакцин тариулснаас хойш нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөж байгаа. Жирэмсэн эх улаан бурхны вакцин тариулбал зулбах аюултайг эмч нар анхааруулж байна.

Иймд шаардлагатай тохиолдолд вакцин тариулахаар ирсэн эхчүүдээс шинжилгээ авч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн вакцинжуулалт дуусахад дөрөв хоног үлдээд байна. Харин иргэдийн дөнгөж 63 орчим хувь нь вакциндаа хамрагдаад байгааг эмч нар онцолж байна. Вакциныг дүүргийн эрүүл мэндийн төв болон бүх өрхийн эмнэлгүүд хийж байгаа бөгөөд иргэд харъяалал харгалзахгүй өөрт аль ойрхон эмнэлэг рүү ороод тариулж болох юм. Харин вакцин тариулсан иргэдэд тэмдэглэгээ хийж байгаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ