"Хос бичигтэн" аяны шилдгээр Тосонцэнгэлийн “Бэхсийн үнэр” баг тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-08 16:45:51

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт зохион байгуулсан “Хос бичигтэн” аяны гуравдугаар шат дуусаж шилдгүүддээ шагналыг нь гардууллаа.

Аяныг аймгийн ИТХ, БСУГ, ЗДТГ-аас хамтран ”Монгол хэлний тухай хууль, Монгол хэлний талаар гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын зорилтыг хэрэгжүүлэх, "Миний Монгол-2025" хөтөлбөрийн үр дүнг сайжруулах зорилгоор зохион байгуулсан аж. 

Хос бичигтэн аян нь үндэсний ёс заншил, өв уламжлалаасаа суралцан, гэр бүлийн таатай орчныг бүрдүүлж, үндэсний бичгийг эцэг, эх, хүүхэд, багш гэсэн гурван төлөөлөл хамтран оролцсоноороо онцлог боллоо.

Аяны удирдамжийн дагуу нэгдүгээр шатанд тус аймагт хэрэгжиж буй “Миний Монгол-2025” төсөлд хамрагдаагүй монгол бичгийн бийрийн бичлэгийг анхлан суралцагчид баг бүрдүүлж оролцсон юм. Тухайн баг нь гэр бүлийн гишүүдээс бүрдсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй, ахлагч нь суралцагч өөрөө байв. Багт эцэг эхийн аль нэг нь заавал оролцож "COVID-19" халдварын хорио цээрийн дэглэмийг барьж гэртээ, гэр бүлтэйгээ хамт оролцсон юм.

Эдгээр багууд монгол өв соёл, монгол бичигт суралцаж уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг илэрхийлсэн хамгийн ховор нандин сургаал үг, зүйр цэцэн үгсийг эрэлхийлэн олж бийрийн бичлэгээр бичиж бүтээл болгон оролцлоо. Эдгээр бүтээлүүдийг тухайн сумын ерөнхий боловсролын сургуулиас томилогдсон комисс шалгаруулж, “Хос бичигтэн аян нэртэй фэйсбүүк хуудсанд нийтлэн олон нийтэд хүргэжээ. Нэгдүгээр шатны аянд аймгийн ерөнхий боловсролын 29 сургуулийн 322 багт 966 сурагч, эцэг эх хамрагдаж оролцогчдын бүтээлээр сум тус бүр “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг угтсан үзэсгэлэн гаргалаа гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.


Хос бичигтэн аяны хоёрдугаар шатанд 864 оролцогч хамрагджээ

“Хос бичигтэн аяны хоёрдугаар шат нь "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийн үед зохион байгуулснаараа онцлог болсон юм.

Тиймээс хоёрдугаар шатанд оролцогчид бүтээлээ баримтжуулж, зураг бичлэгийг цахимаар олон нийтэд сурталчилж хүргэлээ. Аяны хоёрдугаар шатанд 144 багт нэгдүгээр шатны гэр бүлийн гурван хүн төрийн албан хаагч, мэргэжлийн бус багш, сурагч гэсэн гурван хүнийг багтаа элсүүлэн 864 оролцогч хамрагджээ.

Ингээд дараагийн шатанд оролцох багийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилогдсон ажлын хэсэг шалгаруулсан. Тус аяны үр дүнд хамрах хүрээ улам бүр өргөжсөөр гуравдугаар шатны шалгаруулалтад оролцсон баг зуны бүтээлч даалгаврын тайлан, /багийн гишүүн бүр нэг хүнд монгол бичиг заасан/ шилдэг нэг бүтээлээ ирүүлж шилдгүүдээ тодрууллаа.

Ингээд сүүлийн шалгаруулалтад 23 багийн бүтээл тайлан ирснийг зохион байгуулах комисс шалгаруулж бүтээлийн үзэсгэлэн гаргаж, шилдгүүдэд шагналыг нь гардуулан өглөө гэж "Хос бичигтэн" аяныг зохион байгуулагч аймгийн ИТХ-ын ажлын алба мэдээлэв.


Хос бичигтэн аянд идэвхтэй оролцсон

сурагчдыг шагнаж урамшуулжээ

Монгол бичгээ хамтдаа суралцах, монгол бичгийн бийрийн бичлэгээр өрсөлдсөн “Хос бичигтэн” аяны шилдгүүдэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан, Боловсрол соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхдэлгэр нар шагналыг гардуулав.

Хос бичигтэн аяны төгсгөлийн шатанд оролцогчдын бүтээлүүд нь ардын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг илэрхийлсэн утга агуулга бүхий муутуу цаас, даавуу, эсгий зэрэг материал дээр оёмол, бичмэл, хатгамал, наамал хэлбэрээр өөрийн шинэ санааг илэрхийлсэн бичгийн чадвар маш сайжирсан ширүүн өрсөлдөөнтэй боллоо.

Ийнхүү шалгаруулах комисс олон талын болзлыг харгалзан шалгаруулснаас тэргүүн байрыг Тосонцэнгэл сумын II сургуулийн Ч.Батцэнгэл багштай Г.Намуунцэцэг ахлагчтай “Бэхсийн үнэр” баг эзэлж, өргөмжлөл, 1.200.000 мянган төгрөгөөр шагнууллаа. Удаах байрууд буюу хоёр дэд байрыг Улиастай сумын ЧЭЛС-ийн Б.Урангоо багштай Я.Анхзаяа ахлагчтай баг, Улиастай сумын ЧЭЛС-ийн Мөнгөнсувд багштай Х.Сувд-Эрдэнэ ахлагчтай багууд эзэлж тус бүр 600 мянган төгрөг, өргөмжлөлөөр шагнуулав.

Харин гутгаар байрыг Их-Уул сумын Б.Билгүүн ахлагчтай “Тэнгэрийн зурлага” баг, Тосонцэнгэл сумын I сургуулийн Д.Мөнхцэнгэл багштай М.Хонгорзул ахлагчтай багууд эзэлж тус бүр 300 мянган төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.

Тусгай байрыг Улиастай сумын IV сургуулийн н.Юнрэндорж багштай н.Отгонтогтох ахлагчтай баг эзэлж 100 мянган төгрөг, өргөмжлөлөөр шагнууллаа.

Түүнчлэн Хос бичигтэн аянд идэвхтэй оролцож бүтээлээ ирүүлсэн Цагаанхайрхан сумын сурагч Г.Баярмаа, Яруу сумын сурагч Б.Бадамзул, Завханмандал сумын сурагч П.Номинзаяа, Түдэвтэй сумын сурагч Н.Мөнхзаяа, Ургамал сумын сурагч н.Галсүрэн, Дэвшил сургуулийн сурагч н.Амин-Эрдэнэ, Улиастай сумын IV сургуулийн сурагч Б.Анхбаяр, Тосонцэнгэл сумын II сургуулийн сурагч Э.Амин-Эрдэнэ, Б.Санжсүрэн, Сантмаргаз сумын сурагч П.Ням-Очир, Их-Уул сумын “Аянга” багийн ахлагч, Дөрвөлжин сумын сурагч н.Ариунсайхан, Улиастай сумын сурагч С.Даваа-Очир нарт уран бичээч Баттулгын Алтантуяа багшийн “Оюун түлхүүр” монгол бичгийн дадлагын номыг гардуулан өгч сурлагын амжилт хүслээ.

Хос бичигтэн аяныг маань жилийн турш аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулж, нийт 489 баг 1089 оролцогчтойгоор оролцлоо. Ер нь цаашид энэ төрлийн шаталсан уралдааныг явуулж, монгол үндэсний бичгийнхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудаа сургах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна гэж аймгийн ИТХ, ЗДТГ-аас мэдээллээ. 



Холбоотой мэдээ