Б.Болор-Эрдэнэ: Цахим улс болоход ядаж 10 хувь нь энэ чиглэлээр суралцаж төгсөх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-10-08 17:40:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудыг компьютержүүлэх аян 2000 оны үед өрнөж байсан бол өнөөдөр үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгч 4,4 сая, ухаалаг гар утас хэрэглэгчийн тоо 3,2 саяд хүрчээ. Фэйсбүүк хэрэглээгээрээ Ази тивдээ тэргүүлж байгаа ч иргэдийн мэдээллийн технологи хэрэглэх чадвар, зүй зохистой, аюулгүй хэрэглээг таниулах нь тулгамдсан асуудал болоод байна. 


Энэ тухай өнөөдөр Туушин зочид буудалд болсон “Цахим үндэстэн” хэлэлцүүлгийн үеэр албаныхан онцолж байв. Монгол Улсын хөгжлийн бодлого, стратегид хувь нэмэр оруулах, цахим шилжилтийн үед тулгарч буй бэрхшээл, шийдлийг эрэлхийлэх чиглэлээр тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм .

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэлэхдээ, “Цахим аюулгүй байдал мэдээлэл, технологийн салбарт ус, агаар мэт хэрэгтэй. Мэдээллийн технологийн чиглэлээр нийт их, дээд сургууль төгсөгчдийн 2.4 хувь нь төгсөж байгаа нь хангалтгүй байна. Цахим улс болоход ядаж 10 хувь нь энэ чиглэлээр суралцаж, төгсөж байх ёстой” хэмээв.

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Сүхбаяр, Монголдоо хараахан танигдаагүй ч Өвөрмонгол, Япон зэрэг гадны оронд танигдсан бүтээгдэхүүнүүд байдаг. Үүнийг төр засгаас бодлогоор дэмжвэл бусад улсад таниулах, цаашлаад гадагшаа мөнгө төлөлгүй дотооддоо үлдээх боломжууд байгааг тодотгов. Тэрбээр, “Америкийн HP принтерийн нэг модуль эд ангийг Польш улсад үйлдвэрлэдэг. Гэтэл Польш улсын үйлдвэрлэдэг эд анги нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс илүү өндөр орлоготой байдаг. Үүнээс үзэхэд Монгол Улс ч мөн адил ухаалаг гэрээ хийж дэлхийн топ компаниудад шаардлагатай ямар нэгэн эд ангийг  хийх бүрэн боломжтой. Ингэснээр дэлхийн хэмжээний компанийн цар хүрээгээр орлого олох боломжтой болж байна” гэсэн сонирхолтой жишээг татсан юм.


2021-2030 онд Монгол Улс харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр салбарын эрх зүйн орчинг сайжруулах, 5G сүлжээг нэвтрүүлэх, интернэт хэрэглэж байгаа өрхийн тоог 70 хувьд хүргэх зэрэг бодлогыг баримтлах аж.


Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улс дан ганц уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт түшиглэхээс илүү технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, дотоодын нийт бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх, салбаруудын уялдаа холбоог бий болгон хамтрах шаардлагатайг албаныхан дурдаж байв.

Мөн мэдээллийн технологид суурилсан инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр шинэ санаа, шийдлүүдийг дэвшүүлсэн юм. Тус хэлэлцүүлэгт 30 гаруй мэргэжилтэн, УИХ-ын гишүүд оролцов.


Т.Билгүүн




Холбоотой мэдээ