Америкийн яруу найрагч Луиз Глюк Нобелийн шагнал хүртлээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-09 09:55:58

СТОКГОЛЬМ. /TASS/. Америкийн яруу найрагч Луиз Глюк утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртжээ.


Яруу найргийн хувь оршихуйг бусдад ойлгуулсан эгэл бөгөөд шулуун зоримог яруу найргийн илэрхийллийг нь үнэлж Луиз Глюкт энэхүү шагналыг гардуулж буйг Нобелийн хороо мэдэгджээ.  


“Тэр бол орчин үеийн Америкийн утга зохиолын уянгын зохиолчдын хамгийн гарамгай төлөөлөгчдийн нэг юм. Түүний яруу найрагт хошигнол хийгээд цэцэн ухаан оршдог. Тэрбээр “Firstborn” түүврээ хэвлүүлсний дараа Америкийн орчин үеийн утга зохиолын гарамгай яруу найрагчдын нэг болсон юм. Л.Глюк шүлгийн 12 түүвэр, яруу найргийн тухай хэд хэдэн боть эссэ хэвлүүлсэн. Тодорхой дүрслэлд тэмүүлэх хүсэл эрмэлзэл түүнд байдаг. Бага нас, эцэг эх, ах, эгч нартайгаа байх ойр дотно харилцаа нь түүнийг хэзээ ч зогсонги байдалд оруулдаггүй хүрээллийг нь бий болгодог” хэмээн Нобелийн хорооны дарга  Андерс Ульссон ярьсан байна. 


“Луиз Глюк чанартай, жигд бүтээлээрээ онцгойрдог. Түүний аль нэг бүтээлийг нь онцлоход хэцүү. Миний хувьд “Faithful and Virtuous Night” ном нь таалагддаг” гэж А.Ульссон мөн мэдэгдсэн байна. 


А.Глюктэй утсаар холбогдож, шагнал хүртсэн тухай мэдээг дуулгахад, тэрбээр гайхширсан атлаа баяртайгаар хүлээж авсан хэмээн Шведийн академийн байнгын нарийн бичгийн дарга Матс Мальм хэлжээ.


Глюк нэг ёсондоо "наманчлал"-ын яруу найргийг үргэлжлүүлэгч бөгөөд түүний шүлгүүдээс совин билгийн минимализм үргэлж цуурайтдаг хэмээн судлаачид дүгнэдэг. "Дэлхийн сонгомол яруу найраг" антологид Г.Аюурзанын монголчилсноор "Хуурмаг жүрж", "Аргаа барсан зөгнөл", "Живсэн жаалууд" зэрэг шүлгүүд нь монгол хэлт уншигчдад хүрчээ.


Энэ жилийн Нобелийн утга зохиолын шагналтнаар Хятадын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Үй Хуа, Чехийн зохиолч Милан Кундера, Хятадын зохиолч Янь Лианкө, Японы зохиолч Мураками Харуки нар тодрох магадлал өндөр байсан. Ташрамд дурдахад,  Луиз Глюк Америкийн зохиолч Тонни Моррисон 1993 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэнээс хойш энэ шагналыг хүртсэн анхны Америк эмэгтэй яруу найрагч болсон байна. 


Нобелийн шагнал гардуулах ёслол

Нобелийн шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 10-нд буюу Нобелийн нас барсан өдөр болдог. Шагнал гардуулах ёслол ихэвчлэн Стокхольмийн филармонид болдог бөгөөд Шведийн хаан Карл XVI Густав шагналын эздэд диплом, алтан медалийг нь гардуулан өгдөг билээ. Шагнал гардуулах ёслол энэ онд коронавирусний цар тахлын улмаас цахим хэлбэрээр явагдаж байгаа юм.


Энэ жил шагналын эзэд медалиа гэртээ Шведийн Элчийн сайдын яамдуудаар эсвэл өмнөх шагналтнуудын гараар дамжуулан авч байгаа бөгөөд шагнал тус бүрийг 10 сая швед крон /нэг сая орчим ам.доллар/ дагалдаж байна. 

Холбоотой мэдээ