НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар цар тахлаас үүссэн хүндрэлийг хөндөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-09 13:09:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы Хоёрдугаар хорооны хуралдаан энэ сарын 5-нд эхэлж COVID-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, тусгай хэрэгцээ шаардлагатай орнуудад тулгарсан бэрхшээл зэрэг асуудлыг хэлэлцэж байна.


Тус хорооны 10 дугаар сарын 8-нд болсон ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол Улсын Засгийн газрын эдийн засаг, нийгмийг тогтвортой  хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нийгэм, эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах чиглэлд хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулав.


Монгол Улс хөрш болон бусад оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцид оролцоогоо нэмэгдүүлэхийг зорьж буйг тэрээр тэмдэглээд, Монгол Улсын санаачилгаар байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв” нь хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлтад чухал ач холбогдолтойг онцолж, тус судалгааны төвийн ажлыг дэмжин ажиллахыг гишүүн орнууд, хөгжлийн түншүүд болон оролцогч талуудад уриалав.

Холбоотой мэдээ