Киргизийн “өнгөгүй хувьсгал”

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-10-14 16:36:01

Дэлхий нийтийн анхаарал Армени-Азербайжаны зэвсэгт мөргөлдөөн, Беларусьт өрнөсөн эсэргүүцлийн ажиллагаа руу чиглээд буй энэ үед хуучин ЗХУ-ын орон зайд дахиад нэг үймээн дэгдлээ.


Киргизэд болж буй улс төрийн хямрал 10 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд уг үйл явдлыг урьдынх шиг хувьсгал гэж тодорхойлоход хэцүү. Иймэрхүү төрлийн эсэргүүцлийн ажиллагаанд янз бүрийн цэцэгний нэр өгдөг барууныхан хүртэл ямар нэгэн дүгнэлт хийх гэж яарахгүй байна. 


Үйл явдлын өрнөлийг цөөн өгүүлбэрээр  


Парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй Киргизийн сөрөг хүчнийхэн гудамжинд гарч жагссанаар бүх зүйл эхэлсэн гэдгээрээ Беларусьт өрнөж буй үйл явдалтай яг адилхан. Киргизэд үүссэн нөхцөл байдлын талаар хэвлэлүүдэд дэлгэрэнгүй бичсэн тул сүүлийн 10 хоногт болоод өнгөрсөн үйл явдлыг цөөн хэдхэн өгүүлбэрт багтаан тоймлоё.


4-ний өдөр болсон парламентын сонгуульд 16 нам оролцсоноос Ерөнхийлөгч болон нөлөө бүхий улстөрчдөд ойр байдаг 4 нам 7 хувийн босгыг давж, парламентад суудал эзлэхээр болжээ. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн бусад намуудын дэмжигчид гудамжинд гарч жагсаж, улмаар 6-ны өдөр сөрөг хүчнийхэн Цагаан ордон болон бусад засаг захиргааны барилгыг эзлэн авлаа. Мөн шоронд хоригдож байсан өмнөх ерөнхийлөгч Атамбаев болон авлигын хэргээр ял эдэлж буй бусад улстөрчдийг суллажээ. Үүний дараа Сонгуулийн Ерөнхий хороо санал хураалтын дүнг хүчингүй болгосон байна. Улмаар ерөнхий сайд, парламентын дарга, Бишкек хотын дарга нар огцорчээ. Даваа гарагт парламентын шийдвэрээр Садыр Жапаровыг ерөнхий сайдаар томилсон боловч ерөнхийлөгч уг шийдвэрийг батлалгүйгээр парламентад буцаалаа.

 Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг сулласан нь 


Үймээнийг “төрийн эргэлт хийх оролдлого” гэж тодорхойлж болохоор байгаа бөгөөд эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын үзэл бодлыг зангидан илэрхийлж чадах улс төрийн манлайлагч алга. Беларусийн сөрөг хүчнийхэн нэг зохицуулах зөвлөл байгуулсан бол Киргизэд ийм зөвлөл 4 бий болж, өөр өөрсдийн хүмүүсээ төр захиргааны байгууллагуудад оруулахаар чармайж байна. 


Хэрвээ ерөнхийлөгчийг огцруулсан бол төрийн эргэлт гэж хэлж болохоор. Гэтэл ерөнхийлөгч С.Жээнбэков огцроогүй төдийгүй нийслэл Бишкект онц байдал зарлах тухай зарлиг гаргаж, цэргийн ангиудыг хот руу оруулжээ. Сүүлийн үеийн мэдээллээр, тус хотод хөл хорио тогтоосноор хурцадмал байдал намжиж байна.

Бишкект онц байдал тогтоов 


Ингээд  Киргизэд өрнөж буй үйл явдлын учир шалтгааны талаар улс төр судлаач, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын /ТУХН/ асуудлаар дагнасан шинжээч Аркадий Дубнов-ын хийсэн дүгнэлтүүд болон бусад эх сурвалжуудын мэдээллийг хүргэе.


Овог аймгуудын сөргөлдөөн орчин үед үргэлжилсээр   


Киргизэд үе үе дэгддэг улс төрийн хямрал бүр нь өмнөд ба хойд нутгийнхны хоорондын сөргөлдөөнөөс улбаатай байдаг гэдгийг шинжээч А.Дубнов дурдлаа. Эл зөрчлийн талаар Киргизийн улстөрчид ам нээхдээ дурамжхан боловч бодит байдал дээр улс төрийн тэмцлийн уг сурвалж нь үүнд л нуугдаж байдаг бололтой.   


Сөргөлдөөн бүр 19-р зууны үеэс эхлэлтэй. Өмнөд нутгийн киргизүүд бол хэд хэдэн овог аймгийн нэгдлээс бүрэлдэн бий болсон ичкилик үндэстэн бөгөөд тэд Кокандын ханлигийн бүрэлдэхүүнд багтаж байжээ. Хойд талаараа тус хант улс Пишпек хот хүртэлх газар нутгийг хамарч байсан бөгөөд 1844 онд Киргизийн ханлигийг удирдагч, сары-багыш гэдэг овгийн Ормон-хан тус хотыг эзлэн авч байв.


Энэ сөргөлдөөн одоо ч үргэлжилсээр. Тусгаар тогтносон Киргиз улсын анхны ерөнхийлөгч болох Аскар Акаев бол сары-багыш овгийн хүн. Түүнийг 2005 оны “алтан зул цэцгийн хувьсгал”-аар түлхэн унагаж, ичкилик үндэстэн Курманбек Бакиев төрийн тэргүүнээр сонгогдож байв. 2010 оны хувьсгалаар Бакиевыг огцруулсны дараа шилжилтийн үеийн төрийн тэргүүнээр сонгогдсон Роза Отумбаева бол Төв Ази дахь анхны эмэгтэй ерөнхийлөгч бөгөөд “өмнөдийн нийслэл” гэгддэг Ош хотод төржээ. Өнгөрсөн онд огцорсон ерөнхийлөгч Атамбаев бол хойд нутгийнх гэх мэт.  


Одоогийн ерөнхийлөгч С.Жээнбэков бол өмнөд нутгийн хүн бөгөөд түүнийг тулхтай, төвийг сахисан байр суурьтай гэж үнэлдэг. Тэрбээр улс төрийн намуудаас зайгаа барьдаг, тэдний нөлөөлөлд автдаггүй гэдгээ мэдэгдэж байсан. Гэтэл түүний төрсөн дүү болох Асылбек Жээнбэковын удирдсан нам төрийн байгууллагуудын хүч нөөцийг ашиглан сонгуульд ялсан нь сөрөг хүчнийхний дургүйцлийг төрүүлнө гэдгийг  тооцсонгүй. 

Ерөнхийлөгч Сооронбай Жээнбэков 


Засгийн газрыг дэмжигч "Биримдик" ба "Мекеним Кыргызстан" гэсэн хоёр нам хамгийн олон санал авсан бөгөөд хэрвээ үймээн гараагүй бол “өмнөдийн овог аймгийнхан” парламентад үнэмлэхүй олонх болохоор байв. Энэ нь 7 хувийн босгыг давж чадаагүй жижиг намуудын дургүйцлийг төрүүлэх нь ойлгомжтой. Ер нь бол, өмнөдийнхөн ба умардынхны хооронд хүчний тэнцвэр алдагдах нь киргизчүүдийн хувьд байж боломгүй аргагүй зүйл гэдгийг шинжээч А.Дубнов онцлон хэллээ.  


Нөгөөтэйгүүр, авсан саналынхаа тоогоор хоёрдугаарт бичигдсэн "Мекеним Кыргызстан" намыг нэртэй улстөрч Раим Матраимов удирддаг. Гаалийн удирдах газрын орлогч дарга байсан энэ хүн гаалийнхны бий болгосон авлигын сүлжээг ашиглан асар их хөрөнгөжсөн нь хэнд ч нууц биш. Гэтэл тэрбээр ял шийтгүүлэх нь байтугай улс төрийн нам байгуулж, хэдэн зуун мянган хүний саналыг мөнгөөр худалдан авсан нь үймээнийг өдөөх өөр нэгэн шалтаг байв.  


А.Дубновын дүгнэн ярьснаар, төрийн байгууллагуудын хүч нөөцийг сонгуульд ашиглаж, авлигачдыг сонгуульд оролцуулснаас гадна эсэргүүцлийн ажиллагааг удирдаж буй залуу хүмүүс жагсагчдыг зохион байгуулж чадаагүй нь эмх замбараагүй байдалд хүргэжээ.


"Бослого” дэгдэхэд цар тахал нөлөөлсөн нь


Киргизийн хямрал нь эртнээс улбаатай овог аймгуудын сөргөлдөөнөөс гадна коронавирусний цар тахалтай шууд холбоотой. 2019 оны тооллогоор 6 сая 390 мянган хүн амтай байсан Киргиз улсын иргэдийн 57,9 хувь нь хөдөлмөрийн насны хүмүүс бөгөөд тэднээс 1 сая гаруй нь буюу эдийн засгийн идэвхтэй хүн амын 1/3 нь гадаадад, голдуу Оросод очиж ажил хийдэг байна.


Ах дүү, хамаатан садан, найз нөхөд, овог аймгаараа албан тушаалыг өмчилж, зах зээлийг эзэгнэж буй нөхцөлд ажил мэргэжлийн шатаар ахиж дэвших ямар ч боломжгүй болсон киргиз залуусын хувьд Орос улс гол найдвар нь болдог. Гэтэл цар тахлын улмаас хил хаагдаж, хүмүүс гадаадад ажиллах боломж хумигдаж, гадаадаас гуйвуулдаг мөнгө татарснаар Киргиз орон нийгэм-эдийн засгийн гүнзгий хямралд орсон тухай украина.ру цахим хуудсанд бичжээ.

10 дугаар сарын 7-ны байдлаар коронавирусийн халдварын 48,1 мянган тохиолдол бүртгэгдэж, 1100 хүн нас барсан нь Төв Азийн орнуудтай харьцуулахад өндөр тоо юм. Тухайлбал, 33,5 сая хүн амтай Узбекистанд 60 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн  байна. 


Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь 1268 доллартой тэнцдэг энэ улсын эдийн засгийн байдал цар тахлын үеэр улам дордов.  Цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байгаа эрх баригчдыг киргизүүд нийгмийн сүлжээгээр дамжуулан багагүй шүүмжилж байсан. Гэхдээ Киргиз болон Орос улс хилээ гэнэт хаасан нь тэдний хувьд хамгийн хүнд цохилт байлаа.


Гадны нөлөө бий юү?  


Киргизийн үймээн нь цаг хугацааны хувьд Уулын Карабахад дэгдсэн дайнтай давхцлаа. Уг дайнд Турк улс идэвхтэй оролцож байгаа гэсэн хардлага бий. Туркийн хувьд Киргиз бол харь холын хаа хамаагүй улс биш юм. Өдгөө Туркэд “6 улс-нэг ард түмэн” гэдэг үзэл баримтлал нэлээд түгэн дэлгэрч байгаа бөгөөд гол үзэл санаа нь Турк, Азербайжан, Туркменистан, Киргиз, Казахстан, Узбекистанд түрэгүүд амьдардаг учраас бие биенээ дэмжих ёстой гэдэгт оршино.


Турк нөлөөлсөн гэдэг нь хэтрүүлэг байж магадгүй. Харин үйл явдлын өрнөлийг АНУ-д анхааралтай ажиглаж байгаа гэдэг нь эргэлзээгүй. Америкчуудын хувьд геополитикийн гол өрсөлдөгч нь болох Хятадтай одоогийн ерөнхийлөгч Жээнбэков харилцаагаа нэлээд өргөжүүлж байгаа юм. Киргизийн арми Хятадын талтай хамтарсан хээрийн сургууль хийснээс гадна Киргизийн эдийн засаг дахь Хятадын нөлөө улам бэхжиж байна.    


Эцэст нь, шинжээч А.Дубновын дүгнэн хэлснээр, Киргизийн үймээн цаашид хэрхэх вэ гэдэг нь Омурбек Суваналиевийн удирдсан хүчний байгууллагуудаас ихээхэн шалтгаална. Зарчимч байдлаараа бусдаас илт ялгарч “комиссар Катани” гэгдэх болсон тэрбээр одоо Киргизийн Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байгаа юм. Хэрвээ нөхцөл байдлыг хяналтандаа авч, замбараагүй байдлыг таслан зогсоож чадвал шинээр сонгууль явуулах нөхцөл бүрдэнэ.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: eadaily.com/ru  

ukraina.ru

news.tut.by/world

meduza.io

 

 

 

 

Холбоотой мэдээ