Нийтийн номын санг шинэчлэн засварлах ажил 80 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-16 14:56:15

Төв/МОНЦАМЭ/. Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит 76 жилийн түүхтэй аймгийн нийтийн номын санг шинэчлэн засварлах барилгын ажил 80 гаруй хувьтай байна.

Төв аймаг сүүлийн жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тодруулбал, 2019 оны наймдугаар сард аймгийн Засаг дарга БНСУ-ын Пёнтэк хотод зочилж хотын захирагч Жан Чан Сунтай уулзах үеэр аймгийн номын санг шинэчлэн засварлах талаар хэлэлцэн гэрээ байгуулжээ. Ийнхүү БНСУ-ын Кёнги аймгийн Пёнтэк хотын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй номын сангийн барилгыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Барилгын гүйцэтгэгчээр "Нумт өргөө" ХХК шалгаран ажиллаж байгаа юм.

Аймгийн нийтийн номын санг анх 1944 онд байгуулж байсан түүхтэй бөгөөд 1990 онд нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах, 100 мянган ном байрлуулах хүчин чадалтай зориулалтын байранд шилжин орсон. Сан хөмрөгтөө 34 мянган номтой, жилд дунджаар 4000 орчим байнгын уншигчид хүрч үйлчилдэг байна.

Ийнхүү шинэ номын сантай болсноор нэг ээлжиндээ 160 уншигч, үйлчлүүлэгч хүлээн авах бөгөөд хүүхэд, насанд хүрэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гурван уншлагын танхимаар үйлчлүүлэх боломжтой аж. 

  

Холбоотой мэдээ