Завханы төв номын сан шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-16 19:25:22

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Төв номын сангийн хүүхдийн уншлагын танхим орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн тавилга, тоног төхөөрөмжөөр танхимаа шинэчиллээ.

НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, ДЗОУБ-ын Завхан Хангай орон нутгийн хөтөлбөрт аймгийн Төв номын сангаас хүсэлт тавьж төсөл хүргүүлснээр ийнхүү шинэ тавилга төхөөрөмжтэй боллоо. Олон улсын хөтөлбөрийн байгууллагуудаас санхүүжүүлж дэмжсэн хүүхдийн уншлагын танхимд хүүхэд өөрөө номоо сонгоод унших боломжтой нурууны түвшинд тохирсон номын тавиур, сандал ширээ, сонсдог ном болон цахим номын үйлчилгээг нэвтрүүлээд байна. Мөн долоо хоног бүрийн баасан гарагт хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд зориулсан сургалтын тусгай хөтөлбөрийн дагуу үлгэр сонсох цаг, зургаар өөрийгөө илэрхийлэх, уншсан номын тэмдэглэл хөтлөх зэрэг танин мэдэхүй, соёл олон нийтийн ажлуудыг зохион байгуулж уншигч хүүхдүүддээ үйлчилж байна гэж аймгийн Төв номын сангаас мэдээллээ.

 

Хөгжлийн онцлогтой хүүхдүүд номын сангаар үйлчлүүлэх боломжтой боллоо

Аймгийн Төв номын сан жилдээ уншлагын танхимаар 5700 гаруй хүнд үйлчилгээ үзүүлдэг. Гэвч хөгжлийн онцлогтой хүүхдүүд үйлчилгээ авахад багагүй хүндрэлтэй байдаг байлаа. Харин шинэ тоног төхөөрөмжтэй болсноор хүүхдийн танхим үйл ажиллагаагаа өргөтгөн хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд танин мэдэхүйн тусгай хөтөлбөрөөр сургалт, үйлчилгээг үзүүлж эхэллээ. Өнөөдөр анхны тусгай хөтөлбөрөөр хүүхдүүддээ үйлчилгээгээ амжилттай үзүүллээ. Хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд үлгэр сонсох цаг, зургаар өөрийгөө илэрхийлэх, уншсан номын тэмдэглэл хөтлөхийг хэрхэн хийх талаар манай номын санчид зааж өглөө. Мөн танин мэдэхүйн номын танилцуулгыг хийлээ. Түүнчлэн хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн эцэг эхчүүдэд сургалт хийжээ. Энэ сургалт маш үр дүнтэй болсон. Учир нь хөгжлийн онцлогтой эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хамт манай үйлчилгээг долоо хоногт нэг удаа авах боломжтой боллоо. Эцэг эхчүүд ч талархаж байна. Хараагүй болон сул хараатай хүмүүст зориулан тэмтрэх үсгээр бичигдсэн брайл ном, сонсдог номуудаар үйлчилгээ үзүүллээ. Хүүхдийн уншлагын танхим маань уншигчдынхаа нурууны түвшинд тохирсон ширээ, сандал, номын тавиуруудтай болсон нь хүүхдүүдэд номын сангаар үйлчлүүлэхэд тухтай, тохьтой орчин бүрдүүлж чадлаа гэж аймгийн Төв номын сангаас нэмж мэдээлэв.






 

Холбоотой мэдээ