О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн 12 дахь жилдээ болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-19 10:52:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Дан Колов, Александр Медведь, Борис Будаев, Лайпциг, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, Яшар Догугийн ОУТ-ий мөнгө, хүрэл медальт, Шамиль Умахановын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Монгол говь” ОУТ-ий тав, Монголын Улсын долоон удаагийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн 10 дугаар сарын 17-18-нд Спортын төв ордонд болов.

 

1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үед Монголын нэрийг дэлхийд гаргасан алдарт бөх Ооскагийн нэрэмжит тэмцээн 2009 оноос хойш тасралтгүй хөнгөн жингээр болсон юм. Харин энэ жил өргөжүүлж насанд хүрэгчдийн 10 жинд зохион байгуулав. Коронавируст халдвараас үүдэж тэмцээн уралдаан ойрын хэдэн сар болоогүй. Нэгдүгээр сард болсон насанд хүрэгчдийн УАШТ-ээс хойш анхны тэмцээнд 24 байгууллагын 170 гаруй тамирчин өрсөлдөв.



Тэмцээний сүүлийн өдөр 61 кг-д “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай, 79 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Даянбилэг, 92 кг-д ОУХМ залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Нямбаяр, 125 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл нар жин тус бүртээ аварга боллоо.


Тэмцээний үеэр О.Пүрэвбаатар гавьяат өөрийн анхны багш О.Мөнхбат, ид үед нь амжилт гаргахад нь салшгүй холбоотой гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном багш нартаа хүндэтгэл үзүүлэн гарын бэлгээ гардуулсан юм.

 

Тэмцээнд багийн дүнгээр ОУХМ Б.Батзориг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хорооны баг 82 оноогоор тэргүүлж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” 63, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 54 оноогоор хоёр, гуравдугаар байрт оров. Шилдэг дасгалжуулагчаар спортын мастер Ц.Гантөгс, шилдэг шүүгчээр М.Бямбаноров нар тодров.

 

Сүүлийн өдөр буюу ням гарагийн тэмцээний дүн:

 

61 кг /19 бөх/

 

1. Түмэнбилэгийн Түвшинтулга /Эрч/

2. Батсайханы Нэмэхбаяр /Хасу-Мегастарс/

3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /Алдар/

3. Батсайханы Далайбаяр /МУБИС/

 

70 кг /21 бөх/

 

1. Батчулууны Батмагнай /Алдар/

2. Болдбаатарын Сундуйжадамба /Хилчин/

3. Гансүхийн Бэгзжав /Алдар/

3. Баатархүүгийн Өсөхбаяр /Аварга/

 

79 кг /22 бөх/

 

1. Ган-Очирын Даянбилэг /Алдар/

2. Дамжингийн Батзул /Хасу-Мегастарс/

3. Дэшзэвэгийн Эрдэнэчулуун /Хилчин/

3. Алтанзулын Дөлгөөн /Хасу-Мегастарс/

 

92 кг /13 бөх/

 

1. Баатарын Нямбаяр /Приус центр/

2. Цогтбаярын Мөнхбаяр /Хилчин/

3. Чадраабалын Чойжамц /Хасу-Мегастарс/

3. Мөнхбаатарын Цогтгэрэл /Хангарьд/


125 кг /15 бөх/


1. Мөнхтөрийн Лхагвагэрэл /Хилчин/

2. Мөнхбатын Сумъяабазар /Аварга/

3. Содбилэгийн Ган-Эрдэнэ /Хангай хайрхан/

3. Доржхандын Хүдэрбулга /Сүлд/

Холбоотой мэдээ