Орон нутагт анхны “Старт-ап” төв үүдээ нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-10-19 16:32:00

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт гарааны бизнесийг дэмжих “Старт-ап” төв үүдээ нээлээ. Энэхүү төвийг орон нутгийн хөгжлийн сангийн 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүний хөгжлийн ордны дөрвөн давхарт гарааны бизнесийг дэмжих хамтын оффис нэртэйгээр нээсэн нь орон нутагт анхных юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Дорнод аймагт залуучуудын гарааны бизнесийг дэмжих ажил сүүлийн гурван жил амжилттай үргэлжилж байгаа гэхэд болно. ХХҮГ-ын дарга Н.Мөнхгэрэл: “2017 онд нэг, 2018 онд дөрөв, 2019 онд 18 бүлэгт тус бүр 10 сая төгрөг буюу нийт 230 сая төгрөгийн санхүүжилт олгож, залуучуудын санаачилсан 23 төрлийн бизнест дэмжлэг үзүүлсэн нь өнөөдөр тун өнгөтэй өөдөө байгаа” гэв.

Залуучуудад дэмжлэг үзүүлээд орхихгүйгээр тус төвөөр дамжуулан аймаг, орон нутгийн онцлог бүхий гарааны бизнесүүдийг төрүүлэн гаргах, бойжуулах, зуучлах, судалгаа мэдээлэл дамжуулах, хөрөнгө оруулалт татах зэрэг бизнес эрхлэх мэдлэг чадвартай болгох, сургалт мэдээллийг явуулах аж. Энэ онд 11 төслийг сонгон шалгаруулж, өмнөх жилүүдийн адил тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй санхүүгийн дэмжлэгийг олгохоор төлөвлөж байна.

Холбоотой мэдээ