Жасинда Ардерныг яагаад дахин сонгов?
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /BBC/.
Шинэ Зеландад 10 дугаар сарын 17-нд болсон парламентын сонгуульд Лейборист нам
ялж, Жасинда Ардерн дахин гурван жилийн хугацаатай тус улсын ерөнхий сайдын албан тушаалыг хаших болсон юм.
Сонгуулийн
өмнөх амлалтаа биелүүлээгүй, улс орныг томоохон хямралд оруулсан хэмээн
шүүмжлүүлж байсан Жасинда Ардерныг Шинэ Зеландчууд яагаад дахин сонгов?
Түүнийг
улсынхаа хамгийн алдартай ерөнхий сайд гэдгийг иргэдийн дунд явуулсан санал
асуулгын дүн харуулжээ. Түүний нэр зөвхөн улс төрийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор
сонин хэвлэлээр гарах бус 2017 онд тэрбээр Шинэ Зеландын түүхэндээ хамгийн залуу
ерөнхий сайд гэдгээрээ олонд танигдсан юм. Тэр үед түүний нам олонхийн саналыг авч чадаагүй ч Жасинда
Ардерн парламентад эвсэл байгуулж чадсан. Энэ удаад Лейборист намд сонгогчдын
49.1 хувь нь саналаа өгсөн байна. Жасинда 2018 онд анхны хүүхдээ төрүүлснээр Шинэ
Зеландын түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайдаас гадна албаа хаших хугацаандаа амаржсан хоёр дахь эмэгтэй
болжээ. Тэрбээр мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейд гурван сартай
охинтойгоо ирж шуугиан дагуулж байсан юм.
Сонгуулийн
өмнөх амлалтаа биелүүлээгүй хэмээн түүнийг зарим хүн шүүмжилдэг байна.
Тухайлбал, хүүхдийг ядуурлаас ангижруулах амлалтыг тэрбээр өгч байжээ. Харин зарим хүний үзэж байгаагаар, түүнийг
ерөнхий сайдын албан тушаалыг хаших эхний гурван жилийн хугацаанд хэд хэдэн том хямрал тохиосон
ч үүнийг зохицуулж чадсан гэж үзэж байна. Тухайлбал, Крайстчерч сүмд
болсон халдлагын үеэр 51 хүн амь үрэгдэж, 49 хүн шархадсан эмгэнэлт явдал тохиосон билээ. Түүнчлэн Шинэ Зеландын Уайт
Айленд аралд галт уул дэлбэрсний улмаас 22 хүн амь үрэгдэж, хэд
хэдэн хүн шархадсан юм. Бас нэгэн том хямрал бол коронавирусний цар тахал билээ. Энэ
үеэр иргэддээ аюулыг мэдрүүлэхгүй байлгаж чадсан нь түүний дахин сонгогдох
болсон хамгийн гол хүчин зүйлүүдийн нэг юм. Үүнээс өмнө тэрбээр ганцхан удаа
ерөнхий сайдын албан тушаалыг хашина гэсэн төсөөлөл илүү бодитой байжээ.
Вирусыг
хяналтдаа оруулсан ч ажилгүйдэл, орон сууц худалдан авах чадвар зэрэг бусад
асуудал өдгөө анхаарал татаж байна. Сонгогчид одоо түүнийг эдгээр асуудлыг
зохицуулж чадна гэж найдаж байгаа ч энэ нь амаргүй даваа юм.