“Нээлттэй хаалганы өдөр” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймаг дахь МСҮТ-өөс эрхлэж зохион байгуулсан мэргэжлийн сургалтыг олон нийтэд сурталчилж сурагчдын авьяас чадварыг нээн харуулж элсэлт авах зорилгоор жил бүр уламжлал болгон явуулдаг “Нээлттэй хаалганы өдөр” Дархан хотын хөл хөдөлгөөн ихтэй “Дархан зах”-ын гадна талбайд болов.
Тус сургуулийн захирал Ч.Лхагвасүрэн өдөрлөгийг нээж үг хэлсэн бол “Монгол ур чадвар-2016” тэмцээний “Хавтанцар наах төрлийн улсын уралдаан”-д нэгдүгээр төвшинд шалгарсан “Засал чимэглэл”-ийн 2а ангийн сурагч Г.Должинсүрэн сурч буй сургууль, эзэмшиж буй мэргэжлийнхээ талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. Өдөрлөгийн үеэр үсчин, оёдлын ангийн багш сурагчид үндэсний хувцас, гоёлын даашинзны загвар, үс засалтын үзүүлбэр үзүүлж цахилгаан гагнуурын мэргэжлээр суралцагсад иргэдэд үнэ төлбөргүй засварын үйлчилгээ санал болгож оролцсоноос гадна бусад мэргэжлийн ангийнхан “Бүтээлийн үзэсгэлэн” гаргаж олны хүртээл болголоо. Энэ үеэр нийт 500 гаруй иргэдэд сургуулийн танилцуулга тарааж мэдээлэл хүргэж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр үйлчилсэн байна, Мөн элсэлтийн бүртгэл хийсний зэрэгцээ тус сургуулийн “Эгшиглэн-2” дуу бүжгийн чуулгын сурагчид хурсан олонд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Б.Норовсамбуу