Хөнгөн атлетикийн баг амжилтаараа айрагджээ

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-05-23 22:25:36

Өсвөр үеийн хөнгөн атлетик, олон төрөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Дундговь аймгийн баг тамирчид алтан медаль нэг,  мөнгө, хүрэл медаль тус бүр дөрвийг зүүж, багийн дүнгээр 26 багаас эхний тавдугаарт жагссан байна.

Төв аймагт болсон энэ тэмцээнд Дундговь аймгаас Биеийн тамир, спортын газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагч С. Цолмон, Эрдэнэдалай сумын дунд сургуулийн багш хөнгөн атлетикийн спортын мастер Р. Дэндэв, Сайнцагаан сумын Мандал сургуулийн биеийн тамирын багш Б. Мөнгөншагай нараар ахлуулсан өсвөрийн 43 тамирчин оролцсон юм.

Тэмцээний бөөрөнцөг шидэлтийн төрөлд Эрдэнэдалай сумын дунд сургуулийн сурагч Г. Бямбасүрэн алтан медаль зүүсэн бол Ө. Ариунгэрэл 100 болон 400 метрийн зайны гүйлтэнд хос мөнгөн медаль, Сайнцагаан сумын 3-р сургуулийн сурагч н.Ууганбямба 5000 метрийн гүйлтэнд хүрэл медаль зүүсэн байна. Мөн 400, 1600 метрийн охидын буухиа гүйлтэд хос хүрэл медаль, олон төрөлтийн тэмцээнээс Б. Хонгорзул мөнгө, хүрэл медаль, н.Маргад- Эрдэнэ хувийн дүнгээр мөнгөн медальтай ирсэн байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ