Байгууллагуудыг хотын соёлд уриалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 10:50:45

Хотын соёлыг бүрдүүлэхэд Баянхонгорын иргэн бүр оролцохоор болжээ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Баянхонгор хотын Баганат талбайд “Хотын соёлд бидний оролцоо” аяны нээлт болсон байна.

Аян улсын баяр наадам хүртэл үргэлжлэх бөгөөд мөн хугацаанд нийт 7 өнгийн туг Баянхонгор хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний гэсэн 70 гаруй байгууллагаар аялах аж. Энэхүү тугийг авсан байгууллага дугуйн зогсоол, тэмдэглэгээг тухайн байгууллагын тохиромжтой талбайд нүдэнд ил харагдахуйц байдлаар хийх, байгууллагын ажилтан албан хаагч нарыг эрүүл, чийрэг бие бялдартай болгох зорилгоор дугуй унах талаар уриалга гаргах, байгууллага хамт олноороо дугуйн аялал зохион байгуулах ажлуудыг өрнүүлэх юм байна.

Энэхүү аяныг “Хонгорын дугуйчин” клуб санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Баянхонгор сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Хот тохижилт ОНӨҮГ, Залуучуудын хөгжлийн төв хамтран зохион байгуулж байгаа аж. Аяны нээлтийн үйл ажиллагааны үеэр 7 ш тугийг Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баян-Ойт сургууль, Номундалай цогцолбор сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамт олон гардаж авсан бөгөөд Монгол банк, Баянхонгор Их дэлгүүрийн хамт олон Хонгорын дугуйчдын гишүүд биечлэн очиж гардуулжээ.

Б.Мөнхзул


 

Холбоотой мэдээ