АНУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо анх удаа 80 мянга давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-10-24 15:58:03

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д өдөрт коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор намар, өвлийн улиралд халдвар авсан хүний тоо улам нэмэгдэж болзошгүйд олон нийт санаа зовниж эхэллээ.


"АНУ-д баасан гарагт халдварын 82 мянга гаруй тохиолдол шинээр илэрснээр өмнө нь долоодугаар сарын 16-нд бүртгэгдээд байсан өндөр үзүүлэлтийг давлаа" гэж “The New York Times” сонинд мэдээлжээ.


Мөн “The Times” сонины мэдээлснээр, одоогийн байдлаар Америкийн 41 мянга орчим иргэн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь өнгөрсөн сарынхаас 41 хувиар өссөн байна.


Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн судалгаа, үнэлгээний хүрээлэнгийн шинэ тооцоогоор, Америкийн иргэд амны хаалт зүүхгүй байвал ирэх хоёрдугаар сар гэхэд халдвараар нас барсан хүний тоо 500 мянгыг давж болзошгүй ажээ. Хэрэв америкчуудын 95 хувь нь амны хаалт зүүж хэвшвэл уг тоон үзүүлэлт 130 мянгаар буурах боломжтой байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д өнөөдрийн байдлаар 8.4 сая гаруй хүн халдвар авч, 223 мянга гаруй хүн нас баржээ. Дэлхий дахины судлаачид “COVID-19” халдварын эсрэг үр дүнтэй вакциныг гарган авахаар цагтай уралдан ажиллаж байгаа энэ үед дэлхий даяар халдварын 42.2 сая тохиолдол бүртгэгдэж, 1.1 сая гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ